“Одонгийн цуглуулга”
Улстөрчдийн хувьд улс төрөөс ангид байна гэдэг угтаа эмгэнэл байх. Тиймдээ ч тэтгэвэрт гарсан ч улс төрөө ярьж, тэмдэглэл хөтөлж суух нь хобби болдог биз. Сониноос улс төрөөс урт хугацааны амралт авсан эрхмүүдийн сураг ажиг тун ч сонирхолтойгоор өрнөхийг нь яана.
“Бридж”-ийн Д.Ганхуяг гэж бэнчинтэй эр бий. Өмнөх парламентад УИХ-ын гишүүн байсан гэдгээр нь хүмүүс андахгүй л дээ. Тэгвэл мань эрийг Япон улсын Засгийн газраас “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнажээ. Тэр ч байтугай шагналыг нь тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гардуулан өгч, Эзэн хаан Акихито өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн гэж байгаа.
Энэ тухай мэдээлэл цахим хуудсанд нь нийтлэгдэж. Энгэртээ тэмдэг гялалзуулж, элгэндээ цэцэг тэвэрсэн түүний зураг тун ч олон хүнээс лайк авсан харагдана билээ. Түүнийг хоёр улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн ийн урамшуулсан аж. Ингэснээр Д.Ганхуяг одонгийнхоо тоог нэгээр нэмж чадлаа.