УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.11.24

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг танилцууллаа

Төрийн нууцын тухай Монгол Улсын хууль нь 1995 онд батлагдсан бөгөөд анх удаа төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн үндсийг тавьсан.

Өнгөрсөн хугацаанд тус хуульд 2001, 2003, 2004 /2 удаа/, 2014 /1 удаа/ онд буюу нийт 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч эдгээр нь зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт бус хуулийн тодорхой нэр томьёо, зүйл, заалтыг өөрчилсөн, зөрчил, шийтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоосон байна. 

2016 оны 2 дугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгч "Төрийн болон албаны нууцын тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна. 

Монгол Улсын төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлаас үндэслэн үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд Төрийн нууцын тухай хууль тогтоомжийг шинэчилж, төрийн нууцад хамаарах мэдээллийг цогцоор нь хамгаалж зохицуулах, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Хууль тогтоомжийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 15-ны хуралдаанаар хийж, ажлын хэсэг болон байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа.

Тухайлбал, хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан төслийн 12 дугаар зүйлийн 12,1,3 дахь заалтын шинжилгээ хийх гэсний дараа баталгаажуулах гэж нэмэх, Н.Энхболд төслийн 27 дугаар зүйлийн 27,1,6 дахь заалтын Байгууллагын нууц хамгаалах ажилтанд гэснийг байгууллагад гэж өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно."