УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.11.17

Ц.Даваасүрэн: Цэцийн гишүүдийг нэг нэгээр нь солих хэрэгтэй

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тогтоолын төслийг дэмжиж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

"Хүний эрхийн асуудал бол үндэсний тусгаар тогтнол, хөгжлийн маш бат суурь юм. Ардчилсан тогтолцоо биднийг өдий зэрэгтэй авч явж байхад хүний эрхийн асуудалд өндөр ач холбогдол өгөх ёстой. Энэ ажилд Хүний эрхийн үндэсний комиссын үүрэг роль ч байх ёстой. Өнөөдөр хүний эрхийн талаар ухарсан шийдвэрүүд гарч байна. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн хуулиудыг батлуулах талаар Хүний эрхийн үндэсний комисс манлайлан оролцохыг хүсч байна.

НҮБ-ын Хүний эрхийн комиссын гишүүнээр Монгол Улс сонгогдсон. Энэ ч утгаараа хүний эрхийн асуудлаар олон улсын түвшинд чухал үүрэг хүлээж, үлгэр жишээ байх ёстой. Хүний эрхийн асуудлаар үндэсний болон олон улсын түвшинд том зорилтууд тавьж, түүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.  

Д.Одбаярыг дэмжиж байна. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдож байсан. Хууль зүйн салбарт өөрийн гэсэн мөрөө үлдээсэн хүн. Өнгөрсөн парламентад Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн хямрал руу чирч байсныг бодолцох хэрэгтэй. Аливаад төрийн хүний ёс жудагтай, зарчимтай хандахыг хүсч байна.

Өнгөрсөн парламентийн үеэр Үндсэн хуулийн цэц сонгуулийн явцад хүртэл оролцож байсан. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, УИХ-ыг хүчгүй болгох, хууль зөрчсөн сайдад хариуцлага тооцох асуудалд эргэлзээ төрүүлсэн зэрэг Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан алхмууд хийж байлаа. Тиймээс ч Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг яаралтай нэг нэгээр нь солих хэрэгтэй.

Цэцийн гишүүнээр төрийн албанд ажиллаж байсан туршлагатай, ёс суртахуунтай хүмүүсийг томилох нь зүйтэй. Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай учраас цэцийн гишүүнээр ажиллах хугацаандаа зөв үлгэр дууриалалтай ажиллахыг хүсч байна.

Үндсэн хуулийн цэцийн алдагдсан нэр төрийг сэргээх, ажиллах зарчим, голдрилд оруулахгүй бол Үндсэн хуулийн цэцийн хуулийг өөрчлөх, Улсын дээд шүүх рүү татах зэрэг өөрчлөлт хийхэд хүргэж байна. Энэ нь цэцийн гишүүдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой."