Казино болон Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг ирэх оны хаврын чуулганаар оруулна
УИХ-ын 2016 оны намрын чуулганаар нэн тэргүүнд хоёр хуулийн төсөл батлуулчихбал Засгийн газрын хэрэг бүтлээ гэсэн үг. Тодруулбал,
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг өмнөх Засгийн газар боловсруулж, өнгөрсөн УИХ батлах байсан ч энэ ажил хийгдээгүй.
Практикаас харахад, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл нь Төсвийн тухай хуулийн төслөөс түрүүлж батлагддаг ч энэ удаад зөрчигдөж байна. Ямартай ч уг хуулийн төслүүд энэ долоо хоногт буюу 11 дүгээр сарын 15-наас өмнө батлагдах ёстой.
Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 4 шинэ хууль санаачлан боловсруулж, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй 2 хуулийг шинэчлэн найруулах, 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Засгийн газар үзжээ.
Жагсаалтаас харахад, шинээр Казино болон хурдан морины бооцоот уралдааны тухай, Үндэсний төлбөр тооцооны системийн тухай хууль санаачилж байгаа нь сонирхол татаж байна.
Мөн Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилж, Хөрөнгө оруулалтын тухай болон Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
УИХ-ын 2017 оны хаврын чуулганаар батлуулах шаардлагатай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн жагсаалт
- Активын удирдлагын институцийн тухай хуулийн төсөл
- Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Казиногийн тухай хуулийн төсөл
- Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл
- Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн төсөл дэх үндсэн хязгааруудыг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад өөрчлөхгүй байхаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Үндэсний төлбөр тооцооны системийн тухай хуулийн төсөл
- Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл