Буянт-Ухаагийн нисэх буудлын суурин дээр Казиногийн хаалттай бүс байгуулах уу
Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “казино болон бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах” гэсэн заалт оруулсан нь багагүй маргаан дагуулаад буй.
Одоогоор Казиногийн тухай эсвэл Бооцоот морин уралдааны тухай ямар нэгэн хууль өргөн баригдсан зүйл байхгүй. Харин өмнөх парламентад Д.Оюунхорол тэргүүтэй гишүүд Казиногийн тухай хуулийг өргөн барьсан ч олонхийн дэмжлэг авч чадалгүй “унаж” байсан билээ.
Тэгвэл өдгөө эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг дахин хөндөх болов. Эрх баригчдын зүгээс өмнөх хуулиа “зүтгүүлэх” магадлал ч өндөр байгаа юм. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос дараах тодруулгыг авлаа.
-Засгийн газраас казино болон бооцоот морин уралдаан эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно гэсэн нь нэлээд шүүмжлэл дагуулах боллоо. Энэ талаар тодруулахгүй юу?
Казиногийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд нэгдүгээрт, дэд бүтцээ бий болгох, хоёрдугаарт, хүн очиж үзэж хардаг газруудыг бий болгох хэрэгтэй. Бооцоот морин уралдааны тухайд ч мөн адил. Морин спорт бол Монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг том үзүүлбэр.
Морьтон монгол гэдэг брэнд биднийг дэлхийд таниулсан үзмэр юм. Тийм учраас үүнийгээ бид сурталчлах, ойлгуулах ёстой.
Мөн Монголчууд нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж байгаа гэдэг утгаар нь биднийг сонирхож энэ төрлийн уралдаан зохион байгуулахад оролцох сонирхолтой хүмүүс их байдаг юм байна. Тийм учраас бооцоот морин уралдааны хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэхэд Монголын төр засаг дэмжлэг үзүүлээд бодлогоор дэмжих юм бол эдийн засагт орлого оруулах боломж бүрдэнэ.
Монгол Улс цаашдаа аялал жуулчлалын хаалттай бүс бий болгоё гэсэн бодлого бий болгоно гэж төсөөлж байгаа. Энэ төсөөллийн цаана Казиногийн тухай хууль орж ирнэ.
Аялал жуулчлалын хаалттай бүсийг бий болговол гадны жуулчид ирээд сонирхдог дэлхийн брэндийн том дэлгүүрүүдтэй, олон мянган Монгол залуучууд ажиллах ажлын байрыг бий болгох юм.
Нөгөөтэйгүүр хоолны газрууд, гаднаас ирсэн том дуучид дуулах том заал гээд бүгдийг нь иж бүрнээр нь багтаасан хаалттай том цогцолборыг бий болгож чадах юм бол уул уурхайн салбараас орлого олдог улс биш аялал жуулчлалын салбараас хөгжиж чаддаг улс орон болох боломж бий. Тийм учраас Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад энэ асуудлыг ярина гэж бодож, Казиногийн тухай хуулийг оруулж байгаа.
Бид гадны том хөрөнгө оруулагчдыг татан оролцуулснаар энэ асуудлыг шийдэж чадна гэж харж байгаа.
-Таны хэлж байгаачлан үнэхээр том байгууламж бий болгож, казино эрхлэх эрх нь нээгдвэл тэр цогцолборыг хаана байгуулах вэ?
Миний төсөөлж байгаагаар шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж, одоо байгаа нь нүүснээр Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал үлдэнэ. Энэ хуучин нисэх буудал дээр юу хийх вэ.
Хэсэг бүлэг хүнд хувааж, хувьчилж өгөөд орон сууц бариад, хувийн өмч болгоод явах юм уу эсвэл Монгол Улсын эдийн засгаа дэмжсэн бодлогын том төв болгох уу гэдэг асуудлыг бид салгаж ойлгох хэрэгтэй.
Монголын ард түмний эрх ашгийг бодоод 100 мянга орчим га талбайтай Буянт-Ухаагийн цогцолбороо Монголын эдийн засгийг тэтгэх тийм салбарт зориулья гэж бодож, энэ бодлогыг оруулж ирж байгаа юм.
Тэгэхийн тулд бид залуучуудаа одооноос бэлдэж, аялал жуулчлалын чиглэлээр төгсөгчдөө гадаадад сургах хэрэгтэй. Энэ бол мэдээж 2-3 жилийн дотор хийх ажил биш. Магадгүй 4-5 жилийн дотор бид үүнийг босгож, бүтээж, дуусгах ёстой. Буянт-Ухаа ойролцоогоор 100 мянга орчим га талбайтай.
-Тэгэхээр эхлээд эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ хэрэгтэй гэсэн үг үү?
Тийм. Эхлээд эрх зүйн орчноо бэлдэх хэрэгтэй. Хаалттай бүсээ бий болгох хэрэгтэй. Тэгэхээр Буянт-Ухааг Монголын төсвийн орлогоо бүрдүүлдэг том салбар болгож ашиглах асуудлаа хуульчлах ёстой.
-Хуулийн тухайд өмнө нь өргөн баригдсан хуулийг тэр хэвээр нь авч хэлэлцэх юм уу. Нэмж, өөрчлөлт оруулах зүйл байгаа юу?
Одоо бол Казиногийн тухай хууль Хууль зүйн Байнгын хорооны хэлэлцүүлэг дээр байгаа.Цаашдаа аялал жуулчлалын хаалттай бүс байгуулах асуудал яригдана.
Гэхдээ энэ хаалттай бүсэд зөвхөн казино байхгүй. 80 хувьд нь үйлчилгээ болон Монголоо сурталчлах үзмэрийн талбар байх юм.