Зээлийн хүүг бууруулах хүрээнд эдийн засагч, судлаачдын санал, дүгнэлтийг сонсох, мэдээлэл солилцох хэлэлцүүлэг боллоо
2025.06.04

Зээлийн хүүг бууруулах хүрээнд эдийн засагч, судлаачдын санал, дүгнэлтийг сонсох, мэдээлэл солилцох хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор байгуулагдсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг /2025-06-04/-ний өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Тодруулбал, Зээлийн хүүг бууруулах хүрээнд эдийн засагч, судлаачдын санал, дүгнэлтийг сонсох, мэдээлэл солилцох зорилгын дор болсон уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Р.Батболд, Б.Мөнхсоёл нарын гишүүд болон эдийн засагч, судлаачид, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөллөөс бүрдсэн 25 хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Судлаач Н.Дашзэвэг “Зээлийн хүүгийн тааз тогтоох” сэдвээр санал танилцуулсан бол Д.Ангар, Х.Батсуурь, Р.Даваадорж, Д.Амгалан зэрэг уригдсан бусад оролцогчдид санал дүгнэлтээ танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд: 

"Судлаач Н.Дашзэвэг нарын эдийн засагчид нийлээд “Зээлийн хүүгийн таазыг тогтоох нь зээлийн хүүг бууруулахад тодорхой үр дүнтэй” гэдэг саналыг гаргасан. Энэ саналд нь тулгуурлаад ажлын хэсгийн зүгээс өнөөдөр /2025-06-04/ хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт, “Зээлийн хүүгийн тааз нь санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаасаа чухал болохоос зээлийн хүүг бууруулахад зээлийн хүүгийн тааз тогтоох нь үр дүн багатай” гэдэг санал гарсан. Нөгөө талдаа хийж хэрэгжүүлээд үзье ч гэх саналуудыг гаргаж байна. Яахав, зээлийн хүү нь бага байгаа гаднын улс орнуудад нэг онцлог бий. Тухайн улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь “сайн” байна. Өөрөөр хэлбэл, тухайн улс орон нь өөрийнхөө нийт зээлийн хэрэгцээгээ дотоодын хуримтлалаараа хангаж чаддаг гэсэн үг. Харин Монгол Улс тэгж чадахгүй байна.

Тухайлбал, Монголчуудын нийт хуримтлал нь манай улсад хэрэгцээтэй байгаа зээлийн хэрэгцээний дөнгөж 70%-ийг хангаж байна. Үлдсэн 30%-ийг гадаад улс орнуудаас ам.долларыг 1 жилийн 8-11%-ийн хүүтэй зээлж авдаг. Түүнийгээ төгрөг болгохоор дахиад дээр нь 4-5%-ийн зардал нэмэгддэг. Ийн гадаад улс орнуудаас авч байгаа зээлийг төгрөгөөр тооцвол 13-16%-ийн хүүтэй болчихдог. Ингээд төгрөгөөр 13-16%-ийн хүүтэй эх үүсвэр татсан улсууд чинь цаашаагаа зээлээ өгөхдөө үйл ажиллагааны зардал, эрсдэлийн тооцоо, ашгаа нэмнэ гээд бодоод үзэхээр өнөөдрийн зээлийн хүү 18-20%-тай болчхоод байгаа юм. Нөгөө талдаа банкнууд иргэдээс хадгаламж татахад жилийн 13-16%-ийн хүүтэй байгаа. Дотоодоосоо татсан хадгаламжаа цааш нь зээлдүүлэхээр зээлийн хүү 18-20% гэх мэт онцлогууд байна. Тиймээс бид макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Монгол Улс эдийн засгийнхаа бүтцийг сайтар харах шаардлагатай. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш савлахад дагаад эдийн засаг унадаг байх жишээний. Энэ байдлаасаа бид тодорхой хэмжээнд гарах ёстой. Үүний тулд ХАА-н бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн гүйцэд боловсруулж, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Түүнчлэн инфляцыг багасгахад ЗГ-аас тухайлсан ажлуудаа сайн хиймээр байна. Ингэж гэмээ нь цаашдаа зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ" гэв

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан