Ирэх онд нийт орлогын 17 хувийг уул уурхайн салбараас олно гэж төлөвлөсөн
УИХ- ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Ирэх оны төсвийг УИХ- аар хэлэлцэж байгаа. 2017 онд төсөв болоод Монгол ын эдийн засаг хүндхэн байхыг улстөрчид болоод эдийн засагчид сануулж байна?
Манайхан чинь уул уурхайн бүтээгдэхүүний хэлбэлзэл, үнийн өсөлтед хувь заяагаа даатгаад, хараад суучихаж байна. Амнаас нь “уул уурхайн томоохон төслөө хөдөлгөнө" гэсэн үг л унаж байна. Түүнээс биш манай улсын хөгжлийн загвар ямар байх юм, яавал тогтвортой эдийн засгийн бүтэцтэй болох юм, ямар зорилт тавьж, түүнийхээ төлөө зүтгэх юм гэдэг бодол алга байна.
Тэр 2011 оны үед уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, ялангуяа нүүрсний импорт, Оюу толгойн импорттой холбоотойгоор эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн болохоос биш хэн нэг ухаантай Ерөнхий сайд гарч ирээд оновчтой бодлого явуулаад ийм үр дүн гарчихсан юм биш.
Ийм маягаар явах юм бол цаашид ч уул уурхайн үнэ өсөхгүй тохиолдолд эдийн засаг хүнд байх нь тодорхой. Тэр тусмаа ирэх жил их хэмжээний өр төлнө. Гэхдээ эдийн засаг маш хүнд болсон гээд хямрал РУУ буруугаа чихээд амлалтаа мартаад суучихаж болохгүй.
-2017 оны төсвийг томоор харвал зоригтой, эрс шийдэмгий алхам хийхээсээ илүүтэй болгоомжилсон, хассан, танасан шйнжтэй байна. Томоохон мега төслүүдээ хөдөлгөнө гэж ярьж байгаа ч тэр нь хурдан хугацаанд үр шимээ өгөхгүй учир эдийн засгийг хөл дээрээ босоход шууд нөлөөлөхгүй гэж үзэх хүмүүс байна?
Санал нэг байна. Эдийн засаг, бизнесээ идэвхжүүлж, татварын орлогоо нэмэгдүүлнэ гэдэг бол ихээхэн зүтгэл гаргах ажил гэдэг нь тодорхой. Хасна, танана гэдэг бол амархан, шийдвэр гаргаад, санхүүжилтээ багасгаад л болно. Ийм бодлоор хандаж байгаа хүмүүсийг шүүмжилбэл урдаас чинь “тэгээд өөрөөр яах байсан юм” гэж уцаарлана.
Ер нь нэг тархиа гашилгаж, зүтгэл гаргахгүй шиг хялбархан арга замаар л хөгжих тухай л бодоод байх шиг. Наад мега төсөл гэдэг үг чинь тийм л бодлын илрэл биз дээ. Ер нь бол Оюу толгой хөдөлж байгаа, бүр төлөвлөж байснаасаа ч илүү хурдацтай хөдөлж байгаа юм билээ. Таван толгой ч гэсэн нөгөө Оюу толгойгоос урьдчилж авсан зээлийг чинь төлөөд хөдөлмөөр л болж байгаа. Сэтгэл, зүтгэл гаргавал үүнээс ч илүү сайн явах боломж байгаа.
-Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгийг та жаахан дэлгэрүүлж тайлбарлавал?
Би өмнө хэллээ шүү дээ. Манай томоохон ордуудын төсөл чинь хөдөлчихсөн байхгүй юу. Тэр Оюу толгойн далд уурхайн асуудал чинь хөрөнгө оруулалтын гэрээгээрээ Рио тинто өөрөө хариуцах болохоос биш манай Засгийн газарт шууд үүрэг хүлээж хамаарах асуудал биш. Хэн нэг хүн очоод ухсан нүхийг нь таглаад суучихаагүй биз дээ.
Зогсоосон бол тэд өөрсдөө зогсоож гэрээгээ зөрчсөн асуудал. Тэр гэрээний үүрэгт нь Засгийн газар очиж хутгалдах ямар ч хэрэг байгаагүй. Мөнгөний үнэрт л татагдсан байх. Түүнийгээ тайлбарлах гэж хачин юм ярьцгаагаад л, нөгөө хөрөнгө оруулагч нь хэдхэн хүний үгэнд гомдоод ажлаа хаяад явчихсан юм шиг асуудал яриад сууж байна.
Ер нь бол эдгээр төслийг яаж явуулах вэ гэдэгт л асуудал байгаад байх шиг хэдхэн хүн өөрсдийнхөө эрх ашгийг хангаад харийнхны мэдэлд шилжүүлэхийг л “мега төслөө хөдөлгөх” гээд байгаа юм болов уу ч гэх хар төрөх юм. Ийм замаар явбал өөрийн чинь хэлсэн шиг эдийн засагт сайнаар шууд нөлөөлөхгүй л дээ.
-Ирэх оны төсөвт төмөр зам барихаар мөнгө суулгаж байна гэх юм. Ямар төмөр зам юм бол?
Концессын гэрээгээр “барих-шилжүүлэх” нөхцөлөөр “Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордын 33.4 км төмөр замын ачих буулгах зогсоол барих”-д гээд хөрөнгө суулгасан байсан. Түүнийг хэлж байгаа бол төсвийн хэлэлцүүлгийн явцад уг хөрөнгийг хассан байгаа.
-“Стэнд бай” хөтөлбөрийг дараагийн том хэмжээний зээл, бондод хүрэхэд туслах амь тариа гэж дүгнэхийн зэрэгцээ уг хөтөлбөр хэрэгжих нь улс орны төсөв нэг байгууллагын хараа хяналтад орно гэж болгоомжлолыг төрүүлж байгаа?
Өөрийн чинь асуултанд би асуултаар хариулъя. Нэг улсын хяналтад орсноос дээр биш үү гэж. Олон улсын валютын сан гэдэг бол олон улс орнуудыг гишүүнээр элсүүлсэн олон улсын байгууллага юм. Нэг эх үүсвэрээс их хэмжээний зээл авах юм бол тэр улсынхаа нөлөөнд автаж, эдийн засгийн хувьд хараат болно.
ОУВС- гаас бол олон улс орнуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр бодлогын зээл олгодог. Тэр бодлого гэдэгт нь эдийн засгаа босгоход чиглэсэн хатуухан нөхцөлүүд тавьдаг. Үүнд нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэе гэсэн нэг нь болгоомжилж байж болох шүү дээ. Одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр зам байхгүй болсон байх.
-Ам долларын ханш нэмэгдсээр байна. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд 400 гаруй төгрөгөөр өссөн нь Монголбанкны хариуцлагагүй байсантай холбоотой гэж УИХ дахь АН-ын бүлгээс шүүмжилж байсан?
Манайхан чинь цөөнх болоод ирэхээрээ ухаан сууж буруу, зөвийг тунгаадаг болох юм. Монголбанкны өмнөх ерөнхийлөгч улс орноороо тоглочихоод явчихсан. Одоо зүв зүгээр л явж байна. Манайхан цөөнх байхдаа шүүмжлээд л, хараагаад л байсан. Гэтэл хариуцлага тооцохгүй, чимээгүй л болчихлоо. Улс орноо хөлдөө чирчихсэн ийм хүмүүст хариуцлага тооцдог байхгүй бол дараагийнх тэр замаар л явна.
Одоогийн ерөнхийлөгчийг би түүнээс арай дээр гэж өмөөрч байгаа юм биш шүү. Энэ хүн чадна гээд л очсон байх. Түүнээс биш ганц суудал авчирч гавьяа байгуулаагүй л хүн шүү дээ. Өмнө хаана байсан юм, бүү мэд. Ер нь бол хүнд зорилгоо хэрэгжүүлэх тодорхой хугацаа өгөөд харах ёстой. Би тэгж л харж байгаа.
Мөнгөний бодлогыг байнгын хороо, чуулган дээр хэлэлцэхэд би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тодорхой хугацааны дараа өөрийн чинь ажлын үр дүнг ярина аа гэж. Цаашид төгрөгийн ханшны уналт үргэлжлэх юм бол асуудал ярихаас өөр аргагүй. Ямар ч арга алга гээд суугаад байж болохгүй. Чадахгүй байгаа бол чаддаг нэгэнд нь ажлаа өгч, улс орноо бодохгүй бол болохгүй биз дээ.
-Монголбанкийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн захиалгаар ажиллаж, долларын ханшийг өсгөж байгаа гэж хардаж байгаагаа ч тус бүлгийнхэн илэрхийлж байсан?
Экспорт хийж, доллар олж ирдэг хүнд бол төгрөгийн ханш унах ашигтай. Сангийн сайдын компанийн хувьд экспорт гэхээсээ барилга, машины импорт гээд харин ханш хатуу байх нь ашигтай биш үү. Наад асуултанд чинь тодорхой хариулж чадахгүй юм байна.
-БНХАУ-аас зээл авах хүсэлтээ манай тал албан ёсоор илэрхийлсэн. Хэрвээ тус улсаас зээл өгвөл хэрхэн зарцуулах нь зүйтэй вэ?
Өмнөх хөршөөсөө юанийн своп гээд их хэмжээний зээл авсаар байгаа. Миний бодлоор одоо төлөх хугацаа нь тулчихсан нэг тэрбум ам.долларын зээлийн хугацааг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр солих хэмжээний зээлийн тухай л ярих хэрэгтэй. Түүнээс илүүг нэг эх үүсвэрээс зээлэх нь эрсдэл дагуулж мэднэ. Яваандаа янз бүрийн нөхцөл ч тавигдаж мэднэ. Ер нь болгоомжтой хандах ёстой.
-Манай улсын төсвийг зарлага талдаа ажиллаж, орлого талаа орхигдуулдаг гэж шүүмжилдэг. Ирэх онд Монгол Улс аль аль салбараасаа хэдий хэрийн ашиг олох тооцоо байгаа вэ?
Манай улсын төсвийн гол орлого уул уурхайгаас ордог талаар дээр ярьсан. Нийт орлогын 17 хувь буюу нэг их наяд төгрөгийн орлогыг тус салбараас орно гэж төлөвлөсөн байгаа. Мөн орлогын албан татвар, НӨАТ, татварын бус орлогоор тус тус нэг их наяд төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн.
-Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү томоохон компаниудаа дэмжих цаг ирсэн, мөн амжилттай яваа бизнесмэнүүдээ дэмжиж түшвэл Монгол Улсын эдийн засаг хөл дээрээ эргэн босох боломжтой гэсэн. Үүнийг эдийн засгийн талаас нь харвал хэр зөв хувилбар вэ?
Ер нь өнгөрсөн хугацаанд УИХ-аар бизнес, татварын чиглэлээр гарсан шийдвэрүүдийн дийлэнх нь том бизнесээ дэмжихэд чиглэсэн. Жишээ нь, зөвхөн гадны хөрөнгө оруулалтыг дэмжихээ больё гээд том компаниудаа хамруулсан. Ер нь бол төрийн халамж хэтэрсэн үү гэхээс дутаагүй. Гишүүний үгийн санаа өөр чиглэлд хандсан байсан болов уу.
Харин амжилттай, бүтээн байгуулалт хийж яваа бизнесүүд бол баялаг гэдэгтэй санал нэг байна. Хүнийг хүнээр орлуулж болдоггүй. МСЗ-ийн Оджаргал нүдэнд харагдах олон бүтээл байгуулалт хийсэнтэй маргах юм алга. Харин юу ч бүтээгээгүй атлаа ард түмнийхээ өмнө хийсэн бүтээснийг худалдаж аваад явах гэвэл өөр зүйл шүү. Энэ хоёрыг ялгаж, салгаж үзэх ёстой.
-Ирэх онд манай улс ихээхэн хэмжээний өр төлнө. Төлөх өрийнхөө хэмжээтэй дүйцэхүйц бонд гаргах талаар яриад байна?
Өр бол төлөх нь үнэн. Тиймээс ярилгүй яах вэ. Одоо энэ богино хугацаанд экспортоо нэмэгдүүлж нэг тэрбум доллар олоод зээлээ төлнө гэж байхгүй нь тодорхой. Харин ямар эх үүсвэрээр төлөх бэ гэдэг бол асуудал. Миний бодлоор бол одоогийн төлөх өрөө урт хугацаанд төлөх, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр солихоос өөр боломж байхгүй болов уу.
-“Стэнд бай” хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжих нь эргээд манай эдийн засаг, санхүүгийн салбарт сахилга батыг боломжийн хэмжээнд тогтооно гэж харж болох уу?
Өнөөгийн нөхцөлд би “тийм” гэж хэлнэ. “Стэнд бай” хөтөлбөрийн зээлийн ард төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах нөхцөлүүд дагалддаг юм. Түүнийг биелүүлж байж, зээл авах эрх нээгддэг. Нөхцөлийг биелүүлэхгүй бол зээл олдохгүй гэсэн үг.
-Нэг нам олонх болсон нь улс төрийн байдал тогтвортой болсон гэх ойлголтыг гадныханд зарим талаар төрүүлдэг. МАН-ыг яг энэ талаас нь “Гадныхан биднийг дахиж сонирхож эхэлж байна" гэж тайлбарлах болсон?
Энэ талаас нь сонирхож байгаа бол зөв. Түүнээс биш “ашиг харж шулах боломж олдлоо” гэж харвал юу болдгийг Оюу толгой бидэнд харуулсан.
Энэ гашуун сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. Ер нь бол хөрөнгө оруулалт харилцан үр ашигтай байдалд тулгуурладаг байх ёстой. Түүнээс биш эмзэгхэн хүн шиг ааштай хөрөнгө оруулагч олж ирээд тэдэнтэй нийлж улс орныхоо баялгийг хэдхэн хүн шулаад байж болохгүй.