Л.Болд: СЕХ-ноос Сүм, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнг УИХ-д танилцуулах ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль болон УИХ-ын тогтоолын төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцсан УИХ-ын гишүүн Л.Болд Сүм, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнг танилцуулсан сонсголыг Сонгуулийн Ерөнхий Хороо зохион байгуулж, УИХ-д оруулж ирэхийг хүслээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Сүхбаатар аймгийн 7 дугаар хороонд өөр аймгийн сонгуулийн саналын хуудас илэрсэн. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 305 сонгуулийн саналын хуудас илэрсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороон дээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 318 саналын хуудас гарч ирсэн. Энэ бүгд зарим тойргийн хороонд сонгууль үнэн зөв явагдсан уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ төрж байна.
Сонгуулийн дүн нь гарчихсан. Баянзүрх дүүрэгт 22 суудал авч ялсан ч 6 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн шүүхийн шийдвэр гаргачихаад байхад төлөөлөгчдийг албан ёсоор ажилд нь оролгүйгээр МАН олонхоороо хуралдаад байна. Энэ асуудлыг УИХ-аар ярьж, үнэн зөвийг нь олж тогтоохгүй бол ардчиллын тулгуур зарчмууд ганхаж эхэллээ.
Сонгуулийн дүн хүлээн зөвшөөрөх ёстой. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт ч үнэмлэхүй ялсан. Гэхдээ нийслэлийн гурван дүүрэг, 21 аймгийн 2 аймагт АН ялсан. Энэ дүнг хүлээн зөвшөөрөл л дөө. 2 аймгийн Засаг даргыг томилох л хэрэгтэй шүү дээ. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д албан ёсны тайлбараа өгч байж, үнэн зөвөө олж тогтоон, хууль журмаа мөрдүүлэх асуудалд үлгэр жишээ хандах ёстой. Хэрэв бид өөрсдөө хууль эрх зүйн тогтолцоогоо үгүйсгэсэн үйлдэл хийсээр байвал яаж ард түмнээс хууль дүрэм мөрдөхийг шаардах билээ дээ.
Тиймээс УИХ-ын гишүүдэд Сонгуулийн Ерөнхий хорооноос сонсгол хиймээр байна. Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ мөн юм бол сүм, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнг албан ёсоор сонсож, зохих шийдвэрүүдийг гаргах ёстой. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооны сонсголыг энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэсэн хүсэлттэй байна.