ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер
2016.11.04

ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер тэргүүтэй ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрч буй хоёр 7 хоног хүрэхгүй хугацаанд ихээхэн ачаалалтай ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэлгээ, дүгнэлт хийж, бодлогын болон хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэн, хамтран ажилласанд ОУВС-гийнханд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр тэрбээр ОУВС-гийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд төр, засгийн байгууллагын хамтын зорилго, улс төрийн тогтвортой байдал, эрх барьж буй улс төрийн хүчний туршлага, манай орны байгалийн баялаг, нөөц боломж зэргийг харгалзан үзвэл хямралыг богино хугацаанд даван туулах боломжтой гэж үзэж байна гэв.

Ноён Нил Сакер “Сангийн яам, Монголбанкны холбогдох албаныхантай уулзаж, асуудлаа олон талаас нь нягтлан үзлээ. Ажил үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Цаашид анхаарах асуудал, хийж гүйцэтгэх ажлынхаа чиглэлийг ч тогтоосон. Бид энд хийсэн ажлынхаа үр дүнг ОУВС-д танилцуулна. Хөтөлбөр хэрэгжүүлэх талаарх ажил цаашид үргэлжилнэ” гэлээ.
Тэрбээр хүндрэлт байдлаас гарах чиглэлээр анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ Засгийн газарт цөөнгүй байгаа бөгөөд тэдгээр нь нэлээд хүчин чармайлт шаардах тул УИХ дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд манай улс ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай. 2009 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр үр дүнтэй болсон. Энэ удаад ОУВС, Засгийн газар, Монголбанк бодлогын арга хэмжээнүүдийнхээ талаар олон талаас нь сайтар ярилцаж, эцэслэн тохирох шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлээс гарах чиглэлээр Засгийн газраас өргөн барьсан, үр дүнд хүрэхүйц арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг УИХ шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэж уулзалтын төгсгөлд тэмдэглэв