“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Өнөөдөр (2016.06.27) Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Өнөөдөр (2016.06.27) Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгасан байна.
Үүнээс гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцыг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан байна.