Их наадамд “Аврагч” спорт хороо эхний байруудад шалгарав
Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээний үеэр Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын зуны, өвлийн спортын төрлүүдэд төв, орон нутаг, салбартаа амжилттай зохион байгуулж байгууллагын дүнгээр тэргүүлсэн байгууллага, баг тамирчдад шагнал гардуулах ажиллагаа боллоо. Монголын бүх ард түмний спортын XIV их наадам спортын 20 гаруй төрлөөр зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 526 байгууллагын 4310 шилдэг тамирчин 337 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан юм.
Зуны спортын төрлүүдэд, хурандаа Г.Өсөхбаяр даргатай “Алдар” спорт хороо 46 алт, 26, мөнгө, 21 хүрэл, нийт 93 медальтайгаар тэргүүн байрын эзэн боллоо.
Харин хүчний байгууллагуудын хамгийн отгон спорт хороо болох онцгой байдлын хурандаа Г.Эрхэмбаяр даргатай Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хороо 17 алт, 18 мөнгө, 12 хүрэл, нийт 47 медалийн тоогоор дэд байр эзэлсэн юм.
Шагналыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, “Аврагч” спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа Г.Эрхэмбаяр нар гардан авлаа.
ХХЕГ-ын харьяа хурандаа Ц.Мягмарсүрэн даргатай “Хилчин” спорт хороо 16 алт, 15 мөнгө, 19 хүрэл, нийт 50 медалийн тоогоор гуравдугаар байрт шалгарав.
Харин Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын өвлийн спортын төрлүүдэд 10 алт, долоон мөнгө, есөн хүрэл, нийт 26 медалийн тоогоор “Алдар” спорт хороо тэргүүн байрыг, гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, нийт 10 медалийн тоогоор “Хилчин” спорт хороо дэд байрт, нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, нийт таван медалийн тоогоор “Аврагч” спорт хороо гуравдугаар байрыг эзэллээ.
Дашрамд сонирхуулахад, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо өнгөрсөн жил Монголын бүх ард түмний спортын XIII их наадамд гуравдугаар байр эзэлж байсан юм.