Улсын хэмжээнд 34 сургууль 3 ээлжээр хичээллэж байна
2016-2017 оны хичээлийн жилд 798 ерөнхий боловсролын сургуульд 561 691 суралцагч суралцаж байна. Үүнээс хөдөөгийн ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 58,6 хувь болох 329 151 суралцагч, Улаанбаатар хотын 235 ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 41,4 хувь болох 232 540 суралцагч тус тус суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилээс хүүхдийн тоо 26 636-аар нэмэгдсэн.
Бага боловсролын хамран сургалт 97 хувьд хүрснээр шинэ хичээлийн жилд бага боловсролд 287 554 хүүхэд хамрагдаж байна. Энэ нь өмнөх оноос 21 661 хүүхдээр нэмсэн үзүүлэлт юм. Үүнээс Улаанбаатарт бага боловсролын хамран сургалт 98 хувьд хүрч, нийт 127 975 хүүхдийг хамрууллаа.
Суурь боловсролын хамрагдалт мөн 97 хувьд хүрснээр одоогоор 167 050 хүүхэд суралцаж байна
2016-2017 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод нийт 235 ерөнхий боловсролын сургуульд 232 540 суралцагч суралцаж байна. Үүнээс хувийн өмчийн 102 сургуульд нийт суралцагсадын 11 хувь болох 25 815 хүүхэд суралцаж байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс 11 036-аар илүү хүүхэд хувийн сургуульд суралцаж байна гэсэн үг.
2015-2016 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 24 сургуулийн 6300 мянган сурагч 3-р ээлжинд хичээллэж байсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 34 сургуулийн 9923 сурагч 3-р ээлжинд хичээллэж байна.
Анги дүүргэлт норматив хэмжээнээс дээгүүр буюу 36,9-46,9 байгаа 25 сургууль байна
Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд нийт 2448 суудал бүхий 5 сургууль ашиглалтад орсон. 2016 онд багтаж, нийт 6960 суудалтай 17 сургууль, 2017 онд нийт 11408 суудал бүхий 22 сургууль улсын хэмжээнд ашиглалтад орно.
Улаанбаатар хотод 2016 онд 320 суудалтай 1 сургууль ашиглалтад ороод байна. 2016 онд багтаж, улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 7 нийт 10 сургууль ашиглалтад орж, сургуулийн суудлын тоо 3140-өөр, улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдах 4 сургууль, концессоор баригдаж буй 4 сургууль 2017 онд ашиглалтад орж, 6800 суудлаар тус тус нэмэгдэнэ.
Улаанбаатар хотод 2016 онд төрийн бус өмчийн 1500 суудлын хүчин чадалтай 8 сургууль шинээр нээгдэхээр сургалт эрхлэх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
Гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх зорилгоор Засгийн газраас 32 сургуулийн барилгыг концессын гэрээгээр 2017 онд бариулах хөрөнгийн асуудлыг 2018 оны төсөвт тусгах шийдвэр гаргаад байна. Үүний 29 барилга нь Улаанбаатар хотод баригдах бөгөөд ингэснээр 3 ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2 ээлжид оруулах нөхцөл бүрдэнэ.
Концессын гэрээгээр хуучин барилгыг нь буулгаж, шинээр барьж эхлээд байгаа нийслэлийн 14, 32, 38, 73 дугаар сургуулийн барилга 2017 онд ашиглалтад орно.
Эдгээр сургуулийн хүүхдүүд шилжин хичээллэж байсан сургуулиуд 3 ээлжээс 2 ээлжид шилжинэ.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд буцалтгүй тусламж, төрийн бус санхүүгийн эх үүсвэрийг ашиглахыг холбогдох яамдад чиглэл өгч ажиллаж байна.
БНХАУ-ын тусламжаар эхний ээлжинд 2017 онд нийт 5740 суудал бүхий 7 сургуулийг Улаанбаатар хотод, 100 хүүхдийн 1 цэцэрлэгийг Архангай аймагт барих ба хоёрдугаар ээлжинд 8440 суудал бүхий 14 сургууль барих болсон.