Батлан хамгаалахын сайд Сүхбаатар аймаг дахь зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцлаа
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, сайдын зөвлөх, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай нар
2016.10.04

Батлан хамгаалахын сайд Сүхбаатар аймаг дахь зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, сайдын зөвлөх, бэлтгэлд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай нар Сүхбаатар аймаг дахь Зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ангийн захирагч хурандаа Д.Нямсүрэн нь ангийн үндсэн үүрэг, бүтэц, зохион байгуулалт, бүтээн байгуулсан ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Мөн Батлан хамгаалахын сайд тус ангийн ажилчин, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Би сайдаар томилогдсоноосоо хойш төлөвлөгөө гарган хэд хэдэн анги, салбарын үйл ажиллагаатай танилцаад байна. Миний хувьд Зэвсэгт хүчний анги салбаруудаар шахуу төлөвлөгөөтэй, цагт баригдан ирээд хүндэт харуул жагсаан, удирдлагын танилцуулга сонсоод гарах биш, урьдчилан ажлын хэсэг томилж, судлуулсны үндсэн дээр тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэж явна.

Танай ангийн хувьд үйлдвэрлэлийн орлогоороо ангийн гадаад болон дотоод тохижолт хийсэн нь сайшаалтай. Тиймээс энэ жилийн үйлдвэрлэлийн орлогоо үлдээн цэргийн бэлтгэл, сургалтын орчноо цэргийн алба зохион байгуулах заавар, дүрмэнд заасан стандартын дагуу тохижуулан ажиллахыг үүрэг болгож байна" гээд хуулийн дагуу хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, цэргийн албан хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж явахыг чухалчлан анги, салбарынхаа болон батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулж, иргэн цэргийн харилцааг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.