2016.10.07

УИХ-ын гишүүн Б.Учрал Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийн талаар саналаа танилцууллаа

2016 оны 10 дугаар сарын 6-ны УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Учрал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон учраас Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийн талаар өөрийн саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар оруулж, танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал

"Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэгт шүүх тухайн асуудлыг тал бүрээс нь үнэн бодитойгоор хэлэлцэж, олонхийн саналаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шударга шийдвэр гаргахыг ойлгодог бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн уг заалтыг баталгаажуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,5 дахь хэсэгт шүүх хамтын зарчмаар хэрэг маргааныг хянан хэлэлцэхдээ олонхийн саналаар шийдвэр гаргах ба цөөнхи болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай саналтай бол тэдгээрийг нэгтгэж, шүүхийн шийдвэрт хавсаргана гэж тусгасан. 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дээр дурдсан заалтын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад анхан шатны шугамаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэрэг маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, давж заалдах шугамаар хэрэг маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, харин хяналтын шугамаар хэрэг маргааныг таван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж байхаар заасан.

Шүүхэд урьдаар хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч бүр хууль болон эрхзүйн ухамсарыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн санал нийлсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг маргааныг хянан хэлэлцэж, шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс явуулж байгаа олон нийтэд шүүхийн ажиллагааг гээлттэй, ил тод байлгахад чиглэсэн ажлын нэг хэлбэр юм.

Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн байгууллага болон бусад байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулж өгсөн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийг дээд байгууллага мөн гэж заасан ба хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлдэг, мөн зүйлин 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасанчлан шүүхийн шийдвэр, түүний дотор Улсын дээд шүүхийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, шүүгчийн тусгай саналыг цахим хуудсанд байршуулснаар хуулийн чиглэлээр суралцаж буй оюутан, эрдэм шинжилгээний ажилтан төдийгүй хууль тогтоогч баталсан хууль нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгаа талаар бодитоор мэдэх, иргэд шүүх, шүүгч хэрхэн ажиллаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, шүүхэд үл итгэх ирэдийн эргэлзээг арилгах боломжтой юм.   

Шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг бэхжүүлэх, нэмэгдүүлэхийн тулд олон нийтэд хандсан үйл ажиллагааг идэвхжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй шинэлэг арга хэмжээг хэрэгжүүлэх, тухайлбал, мэдээллийн технологийн хэрэглээг өргөжүүлэх замаар шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд түргэн шуурхай, ил тод мэдээлэх, шүүхээр үйлчлүүлэгчдийг шаардлагатай мэдээлэл, лавлагаагаар хангах үйлчилгээг өргөжүүлж, сурталчлах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх чиглэлээр ТББ, ХМХ-үүдтэй идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа нь судалгаагаар тогтоогдсон юм. 

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийг 31,6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх шүүхийн шийдвэрээ энэ хуулийн 31,5-д заасан тусгай саналын хамт гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 52,1 дэх хэсгийн бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна гэсэн саналыг байнгын хорооны хуралдааны үеэр хэлж байсан. 

Түүнчлэн дээрх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Улсын дээд шүүх хяналтын зарчмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг шүүгчийн тусгай саналын хамт цахим хуудсанд байршуулснаар шүүгч бусдын нөлөөнд автахгүй байх, гарсан шийдвэрээ өөрчлөх боломжгүй болох сайн талтай тул Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг саналыг гаргасан болно.

Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,3,2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,6 дахь хэсэгт энэ хуулийн 31,5-д заасан тусгай саналын хамт гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана, 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны 10 дугаар дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон олонхи гишүүн хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно."