![Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/13/4aed52390eae5126c037293e2bcd1717.jpeg)
Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар өнөөдөр (2025.02.12) Увс аймгийн Улаангом суманд ажиллах үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хууль батлагдах нэг хэрэг, харин батлагдсан хуулийг иргэд олон түмэнд ойлгуулан таниулах, хэрэгжүүлэн биелүүлэх, сахин мөрдүүлэх нь эрх зүйт төрийн хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат мөн. Энэ үе шатанд анхаарал сулруулснаар хууль хэрэглээнд гажуудал, хийдэл, буруу ойлголт гарч, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёс цалгардах, хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм байдлыг өөрчлөх нь энэ удаагийн парламентын эрхэм зорилгын нэг юм. Намрын чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлынүйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох талаар онцгойлон тусгасан. Энэ бодлогыг хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоход тус төвийн үйл ажиллагаа чухал юм. Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буй зургаа дахь аймаг болж байна. Өнөөдрийн энэ ёслолын үйл ажиллагаа протокол, тэмдэглэл болоод дуусах ёсгүй. Улсын Их Хурлаас дэвшүүлсэн эрх зүйн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил хэрэгч, амьд хөдөлгөөн болон өрнөж, Увс аймагт хууль дээдлэх ёс хэрэгжиж байгааг улс даяар харуулах жишиг болсноор үр дүн нь хэмжигдэх болно. Төвийн үйл ажиллагаа хэзээд иргэдэд нээлттэй, ил тод, бүтээлч, шуурхай байх төдийгүй, хуулийг тайлбарлах, ойлгуулах, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах олон хэлбэрээр орон нутаг дахь төрийн бүх байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдтэй нягт хамтран ажиллавал зохино. Тус төвийн бас нэг үндсэн зорилго, ач холбогдол нь хууль батлагдахаасөмнөх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж, идэвхжүүлэх, мөн өмнө нь батлагдсан хуулиуд, болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан дүрэм, журмууд амьдралд нийцэж буй эсэх талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэх, шаардлагатай бол өөрчлөх, санал хүсэлтээ D-parliament болон бусад олон хэлбэрээр илэрхийлэх боломжийг нь хангах замаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал билээ. Үүний тулд тухайн хуулиар зохицуулах харилцаанд хамаарах бүх субъектүүдийн санал, хүсэлтийг сонсдог хэлэлцүүлэг, шүүмж, мэтгэлцээн өрнүүлэх, сонсгол зохион байгуулах зэрэг олон шинэлэг арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Нээлтийн арга хэмжээ Улсын Их Хурлын Тамгын газар болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв. Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.