ЗГ-ын мөрийн хөтөлбөрт оруулах санал мэдүүллээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Болорчулуун нар мэдээлэл хийлээ
2012.08.09

ЗГ-ын мөрийн хөтөлбөрт оруулах санал мэдүүллээ

Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр УИХ-ын Бие даагчдын зөвлөлөөр дамжуулан шинээр байгуулагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаах саналаа өргөн мэдүүллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Болорчулуун нар мэдээлэл хийсэн юм. 
Шинээр эмхлэгдэх Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт багтаах саналд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг шинэчлэн батлах тухай онцолсны зэрэгцээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хуулийг шинэчлэх, мөн гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах нөхцөлд ямар журам барьж ажиллах шаардлагатай талаар ч тусгасан аж.
Учир нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад гадаадаас ажиллах хүчин олноор орж  ирдэг, тэр дундаа урд хөршөөс олноороо орж ирдэг. Тэдэнд тодорхой шаардлага тавьдаг эсэх нь эргэлзээтэй, гэтэл Монгол Улсын иргэд БНСУ зэрэг бусад орон руу ажиллах хүчнээр гарах бол эрүүл мэндийн нарийн үзлэг шинжилгээ хийлгэж, тэнцэхгүй бол явдаггүй гээд нарийн дэг жаяг мөрддөг. Тиймээс энэ бүхэн гадаадаас оруулж ирэх ажиллах хүчинд ч тавигдах ёстой гэж үзэж буй ажээ. Нөгөө талаас улсын төсвийг ил тод олон нийтэд нээлттэй болгох, тэр дундаа хар сэр хамгийн их төрүүлдэг тендэрийг мөн шударга зохион байгуулж нээлттэй болгох зэрэг асуудал энэхүү саналд багтсан талаар бие даагч гишүүд хэллээ. Мөн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах санаа ч энэхүү саналд багтсан юм байна.