Нийслэлийн ахмад настнуудад хотын дарга хүндэтгэл үзүүллээ
2016.09.28

Нийслэлийн ахмад настнуудад хотын дарга хүндэтгэл үзүүллээ

Ахмадын баярыг угтан НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын тамгын Газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэлд ажиллаж амьдарч буй ахмад настнуудын төлөөлөл болгон 1,400 гаруй ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Баянгол дүүргийн ахмад настан Н.Чуулган, Чингэлтэй дүүргийн ахмад настан Н.Дариймаа нар Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэгээр шагнууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмадууддаа хандаж “Нийслэл, дүүргүүдийн, төр захиргааны байгууллагуудаас ахмад настанаа хайрлан, хүндэтгэж, аялан энэрч, эрхэмлэн дээдлэх нь төрийн бодлогын анхаарлын төвд байвал зохих амин чухал асуудлуудын нэг.  

Настанд үзүүлэх нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны олон талт тусламж үйлчилгээний цогц асуудлуудыг, төрийн бодлогоос хөндийрүүлж, алсаас харж, тандах байдлаар дайвар асуудал мэт хандаж огтхон ч болохгүй.

 

Энэ талаар Нийслэл, дүүргийн, төр захиргааны байгууллага, агентлагууд, аж ахуй нэгжүүд тэдгээрийн удирдлагууд онцлон анхаарч, ажиллах хэрэгтэй.

Цаашид ахмад настны хөгжил хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр, засгаас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллана” гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд 106 мянган гаруй ахмад настан байдаг байна.