Аялал жуулчлалын салбарынханд мэндчилгээ дэвшүүлж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
2016.09.27

Аялал жуулчлалын салбарынханд мэндчилгээ дэвшүүлж байна

Монголын аялал жуулчлалын салбарын ажиллагсад, эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, энэ салбарт хүчин зүтгэж явсан ахмад буурлууд Та бүхэндээ Дэлхийн аялал жуулчлалын өдрийн баярын мэндийг дэвшүүлье.

Одоогоос 46 жилийн өмнө энэ өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага - Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын дүрэм батлагдаж, 1980 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал- бид бүгдэд” уриан доор тэмдэглэж байна.

Аялал жуулчлал нь энх тайвнаар зэрэгцэн орших, ёс зүй, тогтвортой хөгжлийг эрхэм болгодог, даян дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, тухайн нутгийн ард иргэдэд шууд үр шимээ өгдөг гайхамшигтай салбар билээ.

Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах, гадаадын жуулчдыг олноор татах, дотоодын аяллыг зүй зохистой хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломж байна.

Байгаль, түүх, соёлын нөөц баялаг дээрээ түшиглэсэн, жуулчид аялахад таатай, аюулгүй, эрсдэлгүй орчинг бүрдүүлж, аялал жуулчлалын үйл ажиллагаа явагдаж байгаа тухайн орон нутгийн иргэд нь аялал жуулчлалын үр өгөөжийг шударга, тэнцүү хүртдэг, улсынхаа эдийн засагт бодит хувь нэмрээ оруулдаг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө төр засаг, аялал жуулчлалын болон үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийт иргэд оролцож, хамтран ажиллах нь нэн чухал юм.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхандаа болон Монгол Улсын нийт иргэд, манай орныг зорин ирсэн жуулчдад Дэлхийн аялал жуулчлалын өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол