ММНБИ-ийн 20 жилийн ой, Ази номхон далайн нягтлан бодогчдын холбооны хуралд зориулсан бэсрэг наадам боллоо
2016.07.19

ММНБИ-ийн 20 жилийн ой, Ази номхон далайн нягтлан бодогчдын холбооны хуралд зориулсан бэсрэг наадам боллоо

ММНБИ-ийн 20 жилийн ой, Ази номхон далайн нягтлан бодогчдын холбооны олон улсын хуралд зориулсан Бэсрэг наадам 2016 оны 7-р сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд болж өнгөрлөө.

Тус наадам нартай, хуртай Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын босгон дээр зохион байгуулалт сайтай боллоо.

 Тус наадмыг үзэж сонирхохоор ММНБИ-ийн Ерөнхийлөгч Ц.Жигдэн, Гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн болон удирдах зөвлөлийн гишүүд, Ази номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны олон улсын хурлын төлөөлөгчид, аудитын компаниуд, Улаанбаатар, Төв аймгийн МНБИ-ийн салбарын бүх гишүүд ирж оролцлоо.

 Наадамд аймаг, цэргийн болон сумын цолтой хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн арслан Б.Чүлтэмпунцаг түрүүлж, Баянзүрх дүүргийн харъяат аймгийн арслан Энхтайван үзүүрлэлээ.

Сурын харваанд 16 өсвөрийн харваачид цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байранд харваач Санчир, хоёрт Анужин, гуравт Амарбаясгалан, дөрөвт Б. Мөнх-Амгалан, тавд Дашдулам нар шалгарлаа. 

 

Хурдан морины уралдаанд 60 гаруй хурдан шандаст Их насны морь тоосоо өргөснөөс Түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Золбаярын хээр морь Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Золбадрахын хул морь Айргийн гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Сайнбаярын зээрд морь Айргийн дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын уяач Д.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан морь, Айргийн тавд Нийслэл аудит ХХК-ний уяач Ө.Гэрэлтбаатарын буурал морь тус тус хурдалж наадамчин олноо баярлууллаа. 

Бэсрэг наадмын хүчит бөхийн барилдааныг Я.Дашдаваа захиралтай Тэд-Од Аудит ХХК, Сурын харвааны тэмцээнийг Т.Сугарсүрэн захиралтай Нийслэл-Аудит ХХК, Хурдан морины уралдааны Түрүүлсэн морийг Төв аймгийн МНБИ-ийн салбар, Аман хүзүүнд хурдалсан морийг С.Тунгалаг захиралтай Их Монгол хөлөг аудит ХХК, Айргийн гуравт хурдалсан морийг Ч.Энхтуяа захиралтай Эйч Эл Би Монголиа аудит ХХК, Айргийн дөрөвт хурдалсан морийг Т.Одончимэг захиралтай Мишээл-Од аудит ХХК, Айргийн тавд хурдалсан морийг Ш.Сувдаа захиралтай SM Аудит ХХК, 6-10-т хурдалсан морийг Л.Оюун-Эрдэнэ захиралтай БЭСТ Грант аудит ХХК, 10-20-р байрт хурдалсан морийг Д.Пүрэвсүрэн даргатай “Хамтдаа” ангийн хамт олон тус тус ивээн тэтгэж оролцлоо. 

 Бэсрэг наадмын үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулсан Б.Саруул даргатай ММНБИ-ийн Төв аймгийн салбар, Тэнхун ХХК, ХААН банкины төв аймгийн салбар, Болдтрейд ХХК, Баяжмал-Ирээдүй ХХК, Дулаантулгат сервис ХХК, Баяндэлгэр сумын санхүүгийн албаны дарга Нарангэрэл, Д.Пүрэвсүрэн даргатай “Хамтдаа” ангийнхан, Сэргэлэн сумын ЗДТГ, ММНБИ-ийн хамт олон, мэргэшсэн нягтлан бодогчдодоо талархал илэрхийлье.