Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний100 жилийн баярын хурал боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд
2016.09.20

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний100 жилийн баярын хурал боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.16/ Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын хуралд оролцов.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Маршал Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төр, засагт хандан удаа дараа хүсэлт тавьж байсныг Улсын Их Хурал хүндэтгэн хүлээж авч, "Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг саяхан өндөрлөсөн ээлжит бус чуулганаараа хэлэлцэн баталлаа.

Ю.Цэдэнбал агсны амьдрал, ажил үйлс бол Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй нэг хэсэг байсан учир түүний гавьяа зүтгэл, алдаа оноог элдэв өнгө будаггүйгээр үнэн зөвөөр үнэлэн цэгнэх, олон түмэнд нэг мөр зөв ойлголт өгөх, түүхэн өвийг нь хадгалах, залуу хойч үедээ өвлүүлэх, судалгаа шинжилгээ хийж, сургамж туршлагыг нь авах түүхэн шаардлага эдүгээ нэн чухал байна гэлээ.

Үүний дараа Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Комиссын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ойг угтаж “Ю.Цэдэнбал ба Монгол орон” сэдвийн дор илтгэл тавив. Тэрээр Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд монголын төр, засгийн зүгээс онцгой анхаарч, ойг тэмдэглэх болон алдар гавьяаг нь мөнхжүүлэх тухай тогтоол, шийдвэрүүдийг Улсын Их Хурлаас батлан гаргаж, Монгол Улсын Засгийн газраас улс орон даяр өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ бол нэг талаасаа нам, улс төрийн хүчний санал санаачлага нөгөө талаасаа төр, түмний шийдвэр түүхийн зөвтгөл хэмээн ойлгож болох юм. Дахин хэлэхэд түүх түүнийг зөвтгөсөн юм хэмээлээ.

Мөн түүнчлэн Ю.Цэдэнбал агсны отгон хүү Ц.Зориг, Монгол Ардын Намын ахмад гишүүн, Ю.Цэдэнбалын хамтран зүтгэгч П.Дамдин, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар баяр хүргэж, үг хэлсэн юм.

Ийнхүү Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын хурал хүндэтгэлийн тоглолтоор үргэлжиллээ.

Юмжаагийн Цэдэнбал (1916.9.17-1991.4.21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар Ерөнхий сайд болж, 1974 оны 6 дугаар сарын 11-нд Төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу Төрийн тэргүүнээр ажилласан юм.