Цэргийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүрэн хэмжээний тоглолт боллоо
2016.09.21

Цэргийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүрэн хэмжээний тоглолт боллоо

Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ сарын 17-ны 11:40 цагт Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тус ёслолд Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригт болон болон бусад албаны хүмүүс оролцжээ. Цэцэг өргөх ёслолын арга хэмжээний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан юм.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ:

"Түүхэнд нэр нь бичигдсэн олон хүн байдаг боловч тэдгээрийн дотроос он цагийг тэнгэрийн сум мэт нэвтлэн гарч, нэр алдар нь мартагдах байтугай цаг хугацаа улирах тусам тодорч байдаг нь цөөхөн билээ. Тийм хүний нэг нь МАН, төрийн жолоог 44 жил атгасан, Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал яах аргагүй мөн.

Ю.Цэдэнбал Зөвлөлт, социалист орны тусламж дэмжлэгийг авч, хүн ардаа эрүүлжүүлэн, бүх нийтийг бичиг үсэгтэй болгосон. Говийг усжуулан, хангайг хашаажуулж, малчны хүүг сансарт нисгэн, Найрамдлын төмөр зам, Дархан, Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Хөтөл зэрэг аж үйлдвэрийн томоохон төвүүдийг сүндэрлүүлсэн юм. Товчлон хэлбэл, энэ бүхэн нь хуучин Монголыг шинэ Монгол болгож хувиргахын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэсэн, Монголын шинэ цагийн гарамгай удирдагч, шилдэг зохион байгуулагч байсан билээ.

Тиймээс Маршал Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төр засагт хандан удаа дараа хүсэлт тавьж байсныг Улсын Их Хурал хүндэтгэн хүлээн авч, "Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг саяхан өндөрлөсөн ээлжит бус чуулганаараа хэлэлцэн баталлаа.

Ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд дээр дурдсан чиглэлүүдэд онцгой анхаарал хандуулж, шинэ үеийн Монголын түүхийн нэгэн чухал зангилаа асуудлын учгийг тайлах "Цэдэнбал судлал"-ын ажилд эргэлт гарна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын 10 генералын нэг, Монгол Улсын маршал, цэргийн нэртэй зүтгэлтэн бол Ю.Цэдэнбал. Тиймээс түүний батлан хамгаалах салбар улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалахад оруулсан хувь нэмрийг гүнээ хүндэтгэж, Батлан хамгаалах яамнаас ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд идэвхийлэн оролцож байгаагаа дуулгахад таатай байна.

Тухайлбал, Батлан хамгаалах яам, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив хамтран "Армийн комиссар" сэдэвт гэрэл зураг, баримтын үзэсгэлэнг нээж, өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүрэн хэмжээний тоглолтыг энэхүү талбайд тоглох гэж байна" гэлээ.

Энэхүү бүрэн хэмжээний тоглолтын дараа Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаан боллоо.