Өмнөх зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн байлаа гээд одоо зээл авч болохгүй гэсэн хууль байхгүй
Зээлээ хугацаа хэтрүүлж төлснөөс болж, найдваргүй зээлдэгчээр бүртгэгдсэн боловч зээлээ бүрэн төлсөн тохиолдол байдаг. Гэвч Зээлийн мэдээллийн санд нэгэнт найдваргүй зээлдэгч гэж бүртгэгдсэн учир зээл авах боломжгүй гэж банкууд тайлбарладаг.
Тэгвэл энэ тайлбар үнэхээр үнэн эсэхийг албаны хүнээс тодруулсан юм. Асуултад Монголбанкны Зээлийн мэдээллийн сан хариуцсан ажилтан Д.Төрбат ийнхүү хариулж байна.
Хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд зээлдэгчийн ангиллыг өөрчлөх боломжтой
Монголбанкны Зээлийн мэдээллийн сан хариуцсан ажилтан Д.Төрбат
"Үүнд би нэг залруулга хэлмээр байна. Бид хувь хүнийг найдваргүй эсвэл найдвартай зээлдэгч гэж ангилдаггүй. Харин тухайн иргэний авсан зээлийг л хугацаа хэтэрсэн эсвэл чанаргүй гэж ангилдаг. Мэдээж хувь хүний ямар нэг асуудал, эдийн засгийн хүндрэл зэргээс болоод зээлээ хугацаанд нь төлж чадахгүй тохиолдол олон бий. Энэ тохиолдолд зээл олгогч байгууллага тухайн зээлийг хугацаа хэтэрсэн гэж бидэнд мэдээлдэг. Ингэж явсаар актив ангилах журмын дагуу чанаргүй зээлд шилждэг.
Гэхдээ хэрэв зээлдэгч энэ зээлээ дараа нь төлчихвөл зээл олгогч байгууллага тус зээлдэгчийн ангиллыг өөрчлөх боломжтой. Ингэхдээ Монголбанкинд зээлдэгчийн ангиллыг өөрчлөх үндэслэл бүхий албан тоот ирүүлдэг. Нөгөө талаар хэрэв зээл олгогч байгууллага зээлдэгчийн мэдээллийг буруу оруулсан гэж үзвэл тухайн зээлдэгч холбогдох хууль, хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Хэрэв шүүхээс алдаатай мэдээлэл оруулсан гэсэн шийдвэр гарвал Монголбанк шүүхийн шийдвэрийн дагуу уг мэдээллийг засдаг."
Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн иргэдэд зээл олгож болохгүй гэсэн ямар ч хууль, журам байхгүй гэдгийг тэрээр хэлж байлаа. Ер нь бол зээл олгох эсэх асуудлыг тухайн зээл олгогч байгууллага өөрөө л шийддэг байна. Зээл авах, олгох эсэх нь зээлдэг, зээлдүүлэгч хоёрын хооронд үүсдэг харилцаа. Харин хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл гэсэн ангилалд орсон тохиолдолд зээлээ бүрэн төлснөөс хойш 6 жилийн дараа энэ ангиллыг хүчингүй болгодог байна. Нэгэнт зээлээ төлөөд 6 жил өнгөрсөн тохиолдолд банк тэрхүү зээлийн мэдээллийг ашиглах эрхгүй болдог байна.