ОХУ-д 30 хоногийн дотор 3.8 сая доллар төлөх ёстой
МАН-ын дарга М.Энхболд
2016.01.29

ОХУ-д 30 хоногийн дотор 3.8 сая доллар төлөх ёстой

МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын урилгаар ОХУ-д айлчлаад иржээ. Түүнийг ОХУ-д айлчлах үеэр буюу өнгөрсөн лхагва гаригт ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөл хуралдсан бөгөөд Монгол Улсын санхүүгийн үүргийг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан юм.

Ингэснээр “Монголросцветмет” компанийн ОХУ-д төлөх ёстой 174.2 сая ам.долларын өр тэглэгдэж, хоёр орны шийдвэрлэх ёстой нэг асуудал эцэслэсэн аж. Уг хуулийн төслийг батлахад Монгол Улсыг төлөөлж оролцсон УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Нэгдүгээр сарын 27-ны өдөр монголчууд бидний хувьд түүхэн онцлогтой өдөр тохиосон.

Холбооны зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар “Монголросцветмет”-ийн ОХУ-аас авсан 174.2 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өрийн асуудлыг шийдвэрлэлээ. Энэ хуралдаанд МАН-ын төлөөлөгчдийг оролцуулж, санал хураахад нь хамт байлаа.  2010 онд одоогийн Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой “Монголросцветмет”-ийн төлбөрийг “Их өр”-ийг шийдсэн уламжлалт зарчмын дагуу шийдвэрлэхээр харилцан тохирсон.

Үүний дагуу Төрийн думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Манай хоёр орны өрийн асуудлыг шийдсэнээр бизнесийн орчин нөхцөл сайжирна гэж бид харж байна" гэлээ. ОХУ-д төлөх их өрийн 97.5 хувийг чөлөөлж, үлдсэн 2.5 хувь буюу 3.8 сая ам.долларыг Монголын тал 30 хоногийн дотор хойд хөршид төлөх үүрэг хүлээж байгаа аж. Хэрэв 2.5 хувийн өрийг манайхаас товлосон хугацаандаа төлж барагдуулах юм бол их өрийг бүрмөсөн тэглэж байна гэсэн үг. МАН-ын дарга М.Энхболдоос дараахь асуултад хариулт авсан юм. 

-ОХУ өрийг тэглэхдээ ямар нэгэн болзол тавьсан уу?

-2010 онд  хоёр Ерөнхий  сайдын  хэлэлцээрийн дагуу “их өр”-ийг тэглэсэн зарчимтай адил гэж үзээд 2.5 хувьд ногдох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор барагдуулахаар болсон. Үлдсэн хэсгийг шууд тэглэсэн. 

-30 хоногийн дотор 3.8 сая ам.доллар төлөх боломж Монголд бий юү?

-Боломж байсан ч, байгаагүй ч энэ төлбөрийг төлөхөөс өөр аргагүй. Хэрэв төлж чадахгүй бол ОХУ-ын шийдвэр хүчингүй болж, манай талд 174.2 сая ам.долларын өртэй үлдэнэ. Шаардлагатай төлбөр тооцоог дүрэм, журмын дагуу барагдуулах ёстой. 

-УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоог тогтоох төслийг хэлэлцэх гэж байна. Таныг хотын дарга байхдаа Улаанбаатарын мандатыг нэмэх санал гаргаж байсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ байр сууриа та өөрчилсөн үү, эсвэл...?

-Хотын дарга Э.Бат-Үүл “М.Энхболд хотын дарга байхдаа нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэхийн төлөө явдаг байсан” гэж ярьсан байна лээ. Тэр бол гүтгэлэг. Би хотын мандатыг нэмэх талаар ямар ч санал гаргаж шийдүүлж байгаагүй гэв.

Дашрамд дурдахад, ОХУ-д хийх айлчлалын хүрээнд МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, дэд дарга И.М.Умаханов болон Гадаад  хэргийн дэд сайд М.И.Владимирович  болон албаны бусад хүнтэй уулзжээ. Түүнчлэн хатагтай В.И.Матвиенко Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргө­жүүлэхэд МАН-ын дарга М.Энхболдын оруулсан  хувь нэмрийг үнэлж, Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнасан аж.