Орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байна
2016.03.17

Орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байна

Малчид орон сууцтай болно

Банк Монголбанкнаас гаргасан журмын дагуу шаардлага хангасан иргэнд орон сууцны ипотекийн зээл олгоно.

...Малчин өрх орон нутагт баригдсан, тодорхой шаардлагад нийцсэн орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан тохиолдолд банк хоёр хэлбэрээр зээлийн төлбөрийг төлүүлж болно...

-Малчин өрхийн улирлын чанартай жилийн орлогыг банк хадгаламж хэлбэрээр байршуулж, энэхүү хадгаламжаас орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр төлүүлнэ. Хадгаламжийн үлдэгдэл зээлийн төлбөрт хүрэлцэхгүй байгаа тохиолдолд бусад дансны эх үүсвэрээс төлүүлж болно. Банк малчин өрхийн байршуулсан хадгаламжид зах зээлийн нөхцлөөр хүү төлнө.

-Малчин өрхийн улирлын чанартай орлоготой уялдуулан орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг жилд 2 эсвэл 4 удаа тооцож, төлүүлж болно.

Алслагдсан дүүргийн иргэдэд боломж байна

Ипотекийн зээлд хамрагдах орон сууц нь инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй дараах байршилд баригдсан нийтийн зориулалттай хоёр төрлийн орон сууц байна.

-Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэгт

-21 аймгийн нутаг дэвсгэрт

-Шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс бусад Улаанбаатар хотын дүүрэгт

Аймаг, сумын төв, дүүргийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барьсан, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, дэд бүтцийн шийдэлд бүхий байршилд амины орон сууц:

-Улаанбаатар хотын алслагдсан гурван дүүрэгт

-21 аймгийн нутаг дэвсгэрт

Орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байна

-Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна. (20 жил)

-Орон сууцны ипотекийн зээлийн хүүг Монголбанкны Ерөнхийлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батална.

-Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас дээшгүй байна.

-Өр, орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

-Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байна.

-Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байна.

Ипотекийн зээлд хамрагдах иргэн нь даатгуулсан байна

-Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байна.

-Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байна.

-Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байна.

-Зээлийн хугацаа дуустал холбогдох хуулийн тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байна. (Амь нас, эрүүл мэндийн даатгал)

-Барьцаалбар үйлдсэн байна.

...Барьцаалбар нь ашиглалтын хугацаа дуусаагүй, даатгалд хамрагдсан, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас урт, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, нийтийн зориулалттай болон амины орон сууц байна...
Ипотекийн зээлээр авсан орон сууцаа ч гэсэн даатгалд хамруулна  

-Монгол Улсад байршилтай нийтийн зориулалттай болон амины орон сууц байна.

-Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу эд хөрөнгийн даатгалд хамрагдсан байна.

-Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүссэн бол хэлцлийн талууд зөвшөөрсөн байна.

Иргээдийн тэтгэврийн нөөц сангийн орлогын эх үүсвэрээр банкуудад санхүүжилт олгоно

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 3.2.4 буюу ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлогоос бусад сангийн орлогын эх үүсвэрээр орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Энэхүү үнэт цаасны хүүгийн орлогоор орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх юм.

Банк санхүүгийн хөрөнгөөс ипотекийн санхүүжилт авахдаа Монголбанкинд хандана.

-Ипотекийн санхүүжилт хүссэн албан бичиг

-Зээлийн хорооны хурлаар олгохоор шийдвэрлэсэн зээлийн нийт хэмжээ

-Орон сууцны ипотекийн зээлийн эрэлтийн мэдээлэл

-Өмнөх эх үүсвэрээр санхүүжүүлсэн зээлийн мэдээлэл

Эдгээр баримт бичгийг үндэслэн банкинд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлд зориулж санхүүжилт олгоно. Ипотекийн санхүүжилтийн хүүг Монголбанк тогтооно. Монголбанк санхүүжилт хүссэн арилжааны банктай гэрээ байгуулж, эргэн төлөх нөхцөл, хуваарь зэргийг тус гэрээнд тусгана.

...Банк ипотекийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд худалдсан эх үүсвэрээр буцаан төлөх боломжтой. Санхүүжилтээ хугацаандаа төлөх боломжгүй бол Монголбанкинд хугацааг сунгахаар хүсэлт гаргаж болно...

Тохиролцсон хугацаанд санхүүжилтээ төлөөгүй тохиолдолд гарах эрсдлийг банк бүрэн хариуцахаар болж байна.

Банк өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг журамд заасны дагуу санхүүжилтийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлж болно. Ингэхдээ:

-Дахин санхүүжилтийн хэмжээ нь өмнө олгосон орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байна.

-Дахин санхүүжилт хүсэгч зээлдэгчийн зээл нь Хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нөхцөл болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг хангасан байна.

-Дахин санхүүжилтээр олгож байгаа орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байна.