Хотын асуудлаар “ Зөвлөлдөх уулзалт” болно
Улаанбаатар хотын иргэдийн олонхийн санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээдтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд “ Зөвлөлдөх уулзалт” хийнэ.
“Зөвлөлдөх уулзалт”-ын зорилго нь Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөний талаар судалгаанд тулгуурласан танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхан болон Улаанбаатар хотын Захирагчийн албаныханд танилцуулна.
Тухайлбал, төсөв хөрөнгө, концессын гэрээгээр хийгдэж байгаа ажлууд, Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын тухай, нийслэлд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар хөндөж ярилцах юм.
Мөн хотын дарга С.Батболд ирэх дөрвөн жил хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар ч танилцуулж, Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллаж, тэдний дэмжлэгийг авах хууль, эрх зүйн төслүүдээ ч тодорхой мэдээлнэ.
“Зөвлөлдөх уулзалт”- ыг ганцхан УИХ-ын гишүүдтэй хийгээд зогсохгүй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй ч хийнэ.
Уулзалтад нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Нийслэлийн Засаг даргын зөвлөхүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа газрын дарга нар, холбогдох хэлтсүүдийн дарга, мэргэжилтнүүд оролцоно