Баянгол дүүрэг энэ жилийн зам засварын ажлаа эхлүүллээ
Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн Баянгол дүүрэгт авто зам засварын ажлыг эхлүүллээ. Нийслэлийн авто замын сангийн 2016 оны хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайн авто замыг өргөтгөж, сайжруулсан шороон зам тавихаар 4.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, дөрвөн багц төсөл хэрэгжүүлж эхлээд байна.
Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах Анагаах Ухааны коллеж, 18 дугаар байр, Эко 26 дугаар байр хүртэлх 0.5 км авто зам засварын ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Ажлыг эхлүүлэх үеэр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Дэлгэрбат, Нийслэлйн авто замын газрын дарга Д.Нанзаддорж нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж, нийт иргэдийг бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг уриалсан юм. Мөн энэ үеэр холбогдох албаны хүмүүс өнгөрсөн хугацаанд нийслэлд хийгдсэн нийт зам засварын ажлын 30 гаруй хувь нь зөвхөн Баянгол дүүрэгт хийгдсэнийг онцлон тодотгосон.
БГД-ийн зургаадугаар хорооны хороолол дундах авто зам засварын ажлыг Монголын Үндэсний оператор ХХК, Борхон зам ХХК-ийн түншлэл иргэдийн хяналтын дор гүйцэтгэж, наймдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мөн 8, 9, 10, 22 дугаар хороог хамарсан авто замын ажлыг энэ өдөр зэрэг эхлүүллээ. Гүйцэтгэгчээр Ди Вай Кэй Би ХХК ажиллаж, наймдугаар сарын 1-ний өдөр 2.5 км авто замыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Ийнхүү Баянгол дүүргийн энэ зуны зам засварын ажил нэгэн зэрэг хоёр байршилд эхэлсэн бөгөөд нийт дөрвөн багц зам засварын ажлыг хийснээр дүүргийн хэмжээнд энэ онд 6.6 км авто зам шинээр тавигдаж байна. Үүгээр зогсохгүй 4000 мкв талбайд замын нөхөөсийн ажил хийгдсэн зэргийг тооцоолвол Баянгол дүүрэгт авто замын салбарт түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт энэ онд өрнөж байна.