Ахмадуудыг ялгаварласан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон
УИХ-ын ээлжит бус чуулганаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан зарим хуулийг хүчингүй болгосон юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа. Тэрбээр Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан болохоор нийгмийн чиглэлийн хуулиудыг ямар учраас буцаан татсан тухайд тодорхой тайлбар өгсөн юм.
-Ээлжит бус чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. Ямар учраас ийм шийдвэр гаргасан талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцсэнтэй холбоотойгоор өмнө нь баталсан зарим хуулийг хүчингүй болголоо. Үүний дотор 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон.
Энэ хуулийг хүчингүй болгох хоёр, гурван үндэслэл бий. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хуулийг анх гарахад манай ахмадууд “Нийт ахмадын эрх ашгийг хамгаалсан, өгөөжтэй хууль болох нь” гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл өмнөх эрх баригчид энэ хуулийг батлахдаа хэрэгжүүлэх хугацааг нь 2017 оны нэгдүгээр сарын 1 болгон хойшлуулсан.
Үүнээс гадна өнөөдрийн байдлаар хань ижлээ алдсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бүх ахмадын эрх ашгийг энэ хуулиар зохицуулж чадахгүй байгаа юм.
Харин бидний хийсэн судал- гаагаар енөөдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмад байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг Хамтын тэтгэврийн тухай. хууль бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авч байгаа ахмадуудын 77 мянга нь хань ижлээ алдсан хүмүүс байгаа юм.
Гэтэл өмнөх Засгийн газар Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулахаар санал болгож, УИХ-д оруулахдаа 2005 оноос хойш хань ижлээ алдсан ахмадуудыг Хамтын тэтгэврийн тухай хуульд хамруулна гээд заачихсан.
Гэтэл 2005 оноос хойш хань ижлээ алдсан ахмадуудын тоог гаргахаар 17 орчим мянга болж байгаа юм. Гэтэл нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадуудын дунд 77 мянган ахмад байгаа. Тэдгээр ахмадын эрх ашгийг бүрэн хангаж чадахгүй буюу нийт ахмадын 20 хувийг л хангасан хууль хэрэгжихээр болсон байгаа юм.
-Нэг ёсондоо бүх ахмадад хүртээмжтэй үйлчилж чадахааргүй хууль байсан учраас буцаан татсан гэж ойлгож болох уу?
Ахмадуудыг алагчлаад байгаа учраас Хамтын тэтгэврийн тухай хуулийг Засгийн газар буцаан татаж, хүчингүй болгох арга хэмжээ авч байгаа юм.
Ингэлээ гээд бид ахмадуудаа харж үзэхээргүйгээр, ор тас орхиж байгаа юм биш, оронд нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 300 мянган ахмадын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ярьж байна.
Өөрөөр хэлбэл, манай намын мөрийн хөтөлбөрт ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотойгоор Ач санах хуулийг боловсруулж, хэрэгжүүлнэ гэсэн заалт багтсан байгаа.
Мөн ахмадууддаа Монгол Улсын иргэн хүний хувьд өндөр, буянтай нас зооглож байгааг нь хүндэтгээд “Насны” хишиг гэсэн тэтгэвэр олгодог болно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.
Тэгэхээр МАН энэ мэтээр ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан нийтлэг хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзээд Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон.
-Бүх ахмадыг тэгш хамруулах, шинэ хууль нь Хамтын тэтгэврийн хуультай ямар нэгэн байдлаар уялдах уу?
Нэгэнт Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон учраас шинэ хууль хамтын тэтгэвэртэй уялдахгүй гэж ойлгох хэрэгтэй. Тэтгэвэр авч байгаа ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалсан цоо шинэ, нийгмийн баталгааг нь сайжруулсан хууль эрх зүйн орчин бүрдэнэ л гэж ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр ахмадуудын одоо авч байгаа тэтгэврийг нэмнэ гэж ойлгож болох уу?
Ахмадуудын одоо авч байгаа тэтгэвэр нь нэмэгдэнэ гэсэн үг. Өндөр нас зооглож байгааг төр засаг хүндэтгээд авч байгаа тэтгэврээс нь гадна нэмэлтээр “Насны хишиг” гэсэн тэтгэвэр олгодог болно гэж л ойлгох хэрэгтэй.
-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хэчнээн хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай болох вэ. Эдийн засгийн тооцооллыг нь хийсэн болов уу?
"Насны хишиг” тэтгэвэр олгох тухай манай намын мөрийн хөтөлбөрт тусчихсан байгаа. Харин яг хэзээнээс хэрэгжүүлэх, хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болох талаар судалгаа хийж эхлээгүй байна. Хуулийн төслийг боловсруулж өргөн бариад УИХ-д оруулж ирэх үед нарийвчилсан мэдээллүүд явж таарна л даа.
-Энэ тэтгэврийг сар бүр олгох уу эсвэл жилд нэг удаа байх уу?
Энэ талаар ч мөн урьдчилан мэдээлэл өгөх боломжгүй байна. Хуулийг төслийг нь хэлэлцэх үеэр бүх зүйл тодорхой болох байх.
-Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөөд өрийн таазыг 88, 2019 онд 105 хувьд хүргэхээр төсөөлсөн гэх юм. Хэрвээ энэ үнэн бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх юм биш үү. Үнэхээр ингэж өндрөөр төсөөлсөн хэрэг үү?
Төсвийн хүрээний мэдэгдлийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ үеэр манай бүлэг байр сууриа нэгтгэнэ. Өмнө нь бид өрийн босгыг 58.3 хувь болгож өөрчилж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар буюу бодит байдал дээр 88 хувьд хүрчихээд байна шүү дээ. Гэвч бид шинээр зээл авч, өрийн таазыг нэмэх гэж байгаа юм биш.
Одоогийн хүрчихээд байгаа буюу 88 хувьд нь өрийн таазыг барих асуудлыг ярьж байгаа юм. Энэ ч утгаараа Засгийн газраас оруулж ирсэн өрийн босготой холбоотой саналыг дэмжихгүй байх аргагүй болчихоод байна л даа. Гэхдээ бид цаг тухайд нь асуудлыг хэлэлцээд аль болох нааштай шийдэх талаас нь ярилцаж шийдэлд хүрэх болно.
-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг бас танай нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ асуудал юу болж байгаа вэ. Зорилтот бүлэг рүү чиглэсэн асуудлуудыг эхнээс нь цэгцэлж эхлээд байгаа учраас асууж байна л даа?
МАН-ын мөрийн хөтөлбөрт малчдын нийгмийн даатгалтай холбоотой олон зорилтот бүлэг багтсан. Ялангуяа малчдад өнөөдөр хоёр асуудал тулгамдаж байгаа. Нэгдүгээрт, улсын хэмжээнд байгаа 1.1 сая ажиллагсдын 30 хувь нь буюу 300 мянга нь малчид байгаа юм. Гэсэн атлаа эдгээр хүмүүсийн 10 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.
Тийм учраас юуны түрүүнд малчдыг нийгмийн даатгалд хамруулдаг байх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэж бид байгаа юм. Миний бие УИХ-ын хэсэг гишүүнтэй хамтраад малчнаар ажиллаад нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй яваа малчдын төлж чадаагүй байгаа нийгмийн даатгалыг нэг удаа нөхөн төлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр хуулийн төсөл санаачлан, боловсруулсан.
Засгийн газар зарчмын хувьд дэмжчихээд байгаа. Энэ хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байх. Хэрвээ энэ хуулийг баталчихвал манай малчид нийгмийн даатгалын шимтгэлд бүрэн хамрагдах нөхцөл бололцоо бүрдэж, нийгмийн баталгаа нь сайжрах юм.
Нөгөө талаас малчдын тэтгэврийн настай холбоотой асуудлыг бид эргэж харах ёстой гэж би хувьдаа боддог. Малчдын хөдөлмөр бол маш хүнд шүү дээ. Нар салхинд хамгийн их гандаж элэгдэж явдаг, малчид төв суурин газрын ажиллагсдаас дундаж наслалт нь харьцангуй доогуур байна. Тиймээс малчны тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авчихаад байна. Мөн л намрын чуулганаар хэлэлцэж таарах байх.
- Ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх байсан Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төслийг хүчингүй болгосон нь ийм шалтгаантай байх нь ээ
Ерөнхийдөө малчид маань цаг наргүй, ажиллах орчин нь ихэнхдээ хөдөө гадаа өнгөрдөг учраас хүнд хөдөлмөр эрхэлдэг гэж үзээд байгаа юм. Тиймээс малчнаар ажилласан нэг жилийг нь 1.5 жил болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг боловсруулж байгаа.
Иймээс малчнаар ажилласан жилийг нь 1.2 жилээр нэмэгдүүлэн тооцдог байх хуулийн төслийг хүчингүй болгосон гэж ойлгох хэрэгтэй. Малчдын төлөөгүй байгаа нийгмийн даатгалыг нөхөн төлөх болон тэтгэвэрт гарах насыг урагшлуулах тухай асуудал болон малчнаар ажилласан жилийг нь нэмэгдүүлэн тооцдог байх гурван хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ гэсэн товтой байна.