Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Засгийн газар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцууллаа.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхойлсон төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй, эсхүл ашигтай байх гэсэн төсвийн тусгай шаардлагыг үе шаттай хэрэгжүүлэхдээ 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас хэтрүүлэхгүй байх, харин 2020 оны төсвийн жилээс эхлэн алдагдалгүй байлгахаар тооцох, мөн Төсвийн тогторжуулалтын сангийн хөрөнгө нь ДНБ-ий 5 хувиас багагүй байх төсвийн тусгай шаардлагыг 2025 оноос хэрэгжүүлэхээр төсөлд тусгасныг 2020 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах болсонтой уялдуулан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан холбогдох зарим заалтыг төслөөс хасах нь зүйтэй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.
Байнгын хороогоор дэмжигдсэн дээрх саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Түүнчлэн тус хуралдаанаар “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.