Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй
2016.09.09

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

Энэ өдрийн хуралдаанаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурал 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийншийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 26 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан юм. Тус хоригийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан.

Уг хоригийг Хууль зүйн байнгын хороо 09 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан юм.

Тэрбээр, 2012-2016 оны УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгайлан заасан эцсийн найруулгатай танилцах, ёсчлох буюу албажуулан баталгаажуулах үүргээ биелүүлэлгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, шинэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү тохиолдлыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудаар зохицуулаагүй бөгөөд энэ асуудал нь манай улсын парламентын түүхэнд үүсч байгаа анхны тохиолдол болж байна.

Хууль бол дээд хүчин чадал бүхий нийтээр заавал дагаж мөрдөх эрх зүйн акт мөн бөгөөд эрх бүхий субьект баталж, эцсийн найруулгатай танилцаж, ёсчилж, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтэлснээр хүчин төгөлдөр болж нийтээр дагаж мөрдөж, шүүх хэрэглэхээр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад хуульд заасан. Үүнээс үзвэл дээрх хуулиудыг хууль гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд Улсын Их Хурал өргөн мэдүүлсэн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, 21, 22 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, 23, 24 дүгээр зүйлд заасан журмын дагуу тухайн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах, мөн хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу эцсийн найруулгатай танилцах, хуулийг ёсчлох зэрэг ажиллагааг бүрэн хийж дууссанаар тухайн хуулийг батлагдсанд тооцож хуулийн хүчин төгөлдөр болдог.

Өөрөөр хэлбэл, албажуулах буюу албан ёсны болгож хэлбэрийн шаардлагыг бүрэн дүүрэн хангасны эцэст хуулийг батлагдсанд тооцож, хүчинтэй хууль гэж ойлгох учиртай.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан тулд Улсын Их Хурал хууль батлагдах процесс нь дуусгалгүй орхисон, батлагдсан гэж үзэхэд учир дутагдалтай төслүүдийг Улсын Их Хурлын тогтоолоор буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна” хэмээсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн байна.

Ерөнхийлөгчийн хориг болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн бөгөөд тус хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.