"Мах импекс" компани савлагааны шинэ үйлдвэрээ танилцууллаа
2016.09.13

"Мах импекс" компани савлагааны шинэ үйлдвэрээ танилцууллаа

-Азидаа анхдагч үйлдвэр байгуулахад 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ-

Хүнсний ууган үйлдвэр “Мах импекс” компани хиамны савлагааны үйлдвэрийнхээ нээлтийг өчигдөр хийлээ. Тус компаниас үйлчлүүлэгчдийнхээ дунд судалгаа явуулахад жижиглэн савлагаатай, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүсч байгааг харуулсан дүн гарчээ.

Тиймээс гурван жилийн өмнөөс хиам жижиглэн савлах үйлдвэрийн төслийн ажлаа эхлүүлсэн байна. “Мах импэкс” компанийнхан олон улсын түвшинд зохиогдсон үзэсгэлэн худалдаанд оролцож үйлдвэрийн судалгаа хийж, савлагааны үйлдвэр, үйлдвэрийн орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллах компаниа сонгожээ.

Улмаар ХБНГУ-ын “Multivac “Техtог” компанийн сүүлийн үеийн савлагааны тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулсан. Мөн БНСУ- ын “Бусонг” компанитай хамтран ажиллаж үйлдвэрийн стандарт, шаардлагыг хангасан орчинг бүрдүүлсэн байна. Ингэснээр “Мах импекс” компани НАССР стандартад нийцсэн орчинд савласан “Веrlin” брэндийн таван төрлийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхэллээ.

“Мах импекс” компани савлагааны шинэ үйлдвэртээ 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Уг төслийг хэрэгжүүлэхэд Монгол, ХБНГУ, АНУ, БНСУ-ын инженер техникийн ажилтнууд, технологи, маркетингийн бар оролцож, амжилттай хэрэгжүүлэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Үүний үр дүнд хэрэглэгчдэд 200 гр жинтэй, 16 хэрчим “Веrlin” брэнд хиам хүрч байгааг онцолж байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ ХЯЛБАР, ХАДГАЛАЛТ УРТ

“Техtог Т3500” маркийн машин нь хиам, махан бүтээгдэхүүнийг дөрвөн төрлөөр зүсдэг. Мөн савлагааны “MULTIVAC R245”машин нь 100-500 гр бүтээгдэхүүн савладаг. Цагт 300-1500 кг хиам савлах хүчин чадалтай. Энэ хүчин чадлаараа ажиллавал өдөрт 8-10 тонн бүтээгдэхүүн савлах боломжтой юм байна.

Мөн цагт 900 кг бүтээгдэхүүн зүсэх хүчин чадалтай. Савлах машины хувьд хийн савлагаагаар савладгаараа Монголд анхдагч. Хийн савлагаагаар савласнаар бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа 40- 60 хоногоор уртасдаг гэдгийг мэргэжилтнүүд тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, савлагаандаа 99.999 хувийн цэвэр агаар хийж, бүтээгдэхүүнийг аюулгүй болгож байгаа аж.

“Мах импекс” компани шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахдаа НАССР стандартын орчинг бүрдүүлсэн. Тус компани 2011 онд Мах боловсруулах үйлдвэртэй НАССР-г хэрэгжүүлж, махны аж үйлдвэрийн салбарт анхдагч болж байсан билээ.

Тэгвэл энэ удаад хиам савлах үйлдвэрийн орчинд НАССР-г нэвтрүүлж буй юм. НАССР стандартыг хэрэгжүүлснээр эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, эрүүл хүнсийг үйлдвэрлэх боломж бүрдүүлдэг.

БНСУ-ын хөргөлтийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Бусонг” компани шинэ үйлдвэрийн орчинг бүрдүүлсэн. Хиам, махан бүтээгдэхүүн савлах орчин 12 градусын дулаан байх ёстой. БНСУ-ын “Бусонг” компанийн хөргөлтийн тоног төхөөрөмжөөр 12 градусын дулааныг тогтвортой барих орчинг бүрдүүлжээ.

Мөн 0.5 мм-ийн зузаантай хавтангаар 61 хувиас дээш чийгшилтэй орчинг бий болгосон байна. Үйлдвэрийн орчинд 24 цагийн турш автоматаар ажилладаг ариутгалын төхөөрөмжийг мөн суурилуулжээ. Үйлдвэрийн орчинг бүрдүүлэхэд БНСУ-ний дөрвөн компани консерциум хэлбэрээр оролцож монголчууд төслийг удирдсан байна.

Азидаа анхдагч үйлдвэрийн батламж гардуулав

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелийг төлөөлж Герман, Монголын бизнес эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Герхард Вакенхүт “Мах импэкс” компанийн хамт олонд тапархал илэрхийллээ.

Мөн тэрбээр хүнсний аюулгүй байдлыг хангасан хэрэглээг бий болгож байгааг онцлоод “Азидаа анхдагч үйлдвэр” гэдгийг баталсан батламжийг “Мах импекс” компанийн хамт олонд гардуулж өгсөн юм. Зүсэх, савлах төхөөрөмжийг зэрэг суурилуулсан нь Азидаа анхдагч болж байгаа юм байна.

Д.Тэрбишдагва: Салбар бүрт танайх шигдэвшил гараасай

“Мах импекс” компанийн савлагааны шинэ үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, “Монголын хүнсчдийн холбоо”- ны тэргүүн Д.Тэрбишдагва, МҮХАҮТ-ын дэргэдэх Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн дарга Л.Батнасан, Герман, Монголын бизнес эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Герхард Вакенхүт, БНСУ- ын Бусонг болон 3№3 компанийн Монгол дахь салбарын захирал С.Сүх- Очир, ХБНГУ-ын “Multivac” компанийн Азийн бүсийг хариуцсан техникийн зөвлөх, инженер болон Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.

УИХ- ын гишүүн, “Монголын хүнсчдийн холбоо”-ны тэргүүн Д.Тэрбишдагва хүнсний ууган үйлдвэрээс ажил, амьдралын гараагаа эхэлснээ дурсаад Монголын хүнсний салбарт том дэвшил гарч байгааг онцолсон юм. Тэрбээр “Мах импекс” компани салбартаа анхдагч байсаар ирсэн.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Монголдоо төдийгүй Азид тэргүүлэх технологийг нэвтрүүлж байгаад Хүнсчдийн холбооныхон, хэрэглэгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын салбар бүрт танай компанийн нэвтрүүлсэн шиг дэвшил гараасай гэж хүсч байна” гэсэн юм.

МҮХАҮТ-ын дэргэдэх Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн дарга Л .Батнасан “Савлагааны шинэ үйлдвэртэйгээ хамт НАССР стандартын орчинг нэвтрүүлж байгаа нь Азидаа анхдагч болсон том дэвшил” гэдгийг онцлоод ХБНГУ, БНСУ-ын бизнесийн хамтрагчдад МҮХАҮТ-ын нэрэмжит шагналыг гардуулсан юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар“Алтан гадас” одон гардууллаа

Өнгөрсөн хавар ХБНГУ-д зохиогдсон “IFFА-2016” олон улсын үзэсгэлэнгээс “Мах импекс” компанийн “Нүүдэл брэнд” алт, “Дээдэс” брэнд мөнгөн медаль хүртсэн билээ.

Махны “олимп” гэгддэг уг үзэсгэлэнд амжилттай оролцсон “Мах импекс” компанийн ерөнхий Технологич Р.Отгоныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагналаа. Мөн технологич Б.Амарбаярыг Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медиалаар урамшуулсан юм.