Хөнгөн үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ
Эмээлтийн Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын томоохон зураг төслийн ажлуудыг хийж дуусгасан талаар НЗДТГ-аас мэдээлэв.
Тодруулбал, паркийн ТЭЗҮ, салбар инженерийн шугам сүлжээ авто зам, гадна цахилгаан хангамжийн 110/35/10кВ дэд станц, 110кВ-ын агаарын шугам, ундны болон технологийн усан хангамж, усны гидрогеологийн судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажлыг хийж дууссан байна.
Ирэх жил паркийн цэвэрлэх байгууламж, ундны усан хангамж, технологийн усан хангамж, үндсэн цахилгаан хангамж парк доторх инженерийн шугам сүлжээ, паркийн доторх авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 149 дүгээр тогтоолоор байгуулсан.
Парк нь суурьшлийн бүс буюу орон сууц, үйлчилгээ, амралтын талбай, үйлдвэрлэлийн бүс буюу үйлдвэр, агуулахтай, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газартай байх юм.
Паркийн ундны усан хангамж, үндсэн цахилгаан хангамжийн эдийн засгийн үр ашгийг тооцоход хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа дунджаар 6-7 жил болж, төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой аж.