А.Ундраа: Засгийн газар байр сууриа яаралтай илэрхийлэх ёстой
УИХ-ын гишүүн А. Ундраа
2016.09.12

А.Ундраа: Засгийн газар байр сууриа яаралтай илэрхийлэх ёстой

УИХ-ын гишүүн А. Ундраатай эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрбээр “Олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөс харахад суурь металлын үнэ ирэх хоёр жилд өсөх хандлагатай байна. Ингэснээр татвараас олох орлого энэ жилтэй харьцуулахад сайжирна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Хариуцлагагүи байдлаас үүдэн хямрал нүүрлээд байна
-Эдийн засгийн хямралаас гарах гарцыг эдийн засагчид олон янзаар тодорхойлж байна. Таны хувьд хямралаас гарах гарцыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

Эдийн засгийг идэвхжүүлэх олон арга бий. Гэхдээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай үед татварын баазыг өргөтгөх бодлого баримтлах ёстой.

-Татварын бааз суурийг яаж нэмэгдүүлэх вэ?

Үүнийг олон жишээгээр тайлбарлаж болно. Тухайлбал, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгохоор тусгасан. Ингэхдээ урамшуулал хэлбэрээр татварыг буулгана. Жишээл нь, ажлын байрыг нэмэгдүүлсэн тохиолдолд татварын хэмжээг бууруулж болно.

Ажлын байр нэмэгдсэнээр татвар төлөгчдийн тоо буюу бааз өргөжнө гэсэн үг. Үүний дүнд ажлын байрны  хомсдолын асуудалд ч тодорхой ахиц гарна. Энэ онд их, дээд сургууль төгссөн төгсөгчдийн 60 орчим хувь ажилгүй байна. Иргэд ажилтай, орлоготой болох нь цаашлаад төсвийн орлого бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Өөр нэг арга нь томоохон дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөх явдал. Үүн дээр Засгийн газар болон УИХ нэгдмэл нэг байр суурьтай байгаа. Одоохондоо хэцүү юм шиг санагдаж болох ч аливаа төслийг стратеги, төлөвлөгөөний дагуу зоригтой хөдөлгөж чадвал хурдан үр нөлөөгөө өгдөг.

Сайн тал нь эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болох алт, зэс, нүүрсний үнэ өсөх хандлагатай байна. Энэ цаг үед мега төслүүдээ хөдөлгөж чадвал хямралаас гарахын зэрэгцээ олон салбарт эерэг үр нөлөө үзүүлнэ. Ойрын хугацаанд төслийг эхлүүлж чадахгүй яриад байвал дахин нэг, хоёр жилийг дэмий алдана.

-Эдийн засаг хүнд, аж ахуйн нэгж, иргэдийн орлого тааруу байгаа үед татварын бааз суурийг нэмэгдүүлэх оновчтой арга байж чадах уу?

Дэлхийн эдийн засаг 2008, 2009 оных шиг хүндрэлтэй нөхцөл байдалд ороогүй байна. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь төсвийн хариуцлагагүй байдлаас үүдэн Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байна.

Нөгөөтэйгүүр, 2012 онд манай улсын зээлжих зэрэглэл өндөр байх үед олон улсын зах зээл дээрээс “Чингис”, “Самурай” бондыг босгосон. Санхүүжилтээ босгосон ч ямар төсөл, хөтөлбөрт зарцуулах нь тодорхой бус байсан. Ингээд зарцуулалтаасаа эхлээд хугацаа алдсан. Тухайн үед тодорхой төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр үр дүнг нь мэдэрч эхлэх байлаа.

Товчхондоо, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан бол үр дүнгээ өгч эхлэх хугацаа өнгөрөөд байна. Харин манай улсын зээлжих зэрэглэл буурсан энэ үед арилжааны зээл авах нь дарамт болно.

“Засгийн газар татварын баазыг өргөтгөх бодлого баримтлах ёстой”
-УИХ 2016 оны төсвийн тодотголыг баталлаа. Ингэснээр Засгийн газарт 2017 оны төсвийн төслийг боловсруулах ажил үлдээд байна. 2017 оны төсвийн орлогыг бүрдүүлэх ямар арга зам байгаа вэ?

Миний бодлоор хамгийн эхний харах ёстой салбар нь уул уурхай. Уул уурхайн салбарын тодорхой гэрээ, хэлцлүүдийг эргэж харах хэрэгтэй. Засгийн газар нэн тэргүүнд “Оюутолгой” болон “Тавантолгойн” төсөлд анхаарал хандуулахаар ярилцаж байгаа гэсэн.

Мөн говийн бүс дэх цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлэх асуудлыг судлахаар шийдвэрлэсэн. Үүнээс гадна дэд бүтэц болон төмөр замын томоохон төслүүдийг зоригтой хөдөлгөж эхлэх асуудал бий. Эдгээр төслийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр идэвхтэй өрнүүлснээр ирэх онд эдийн засгийн эргэлтэд орох боломжтой хэмээн харж байна.

Зэсийн үнэ Лондоны хөрөнгийн бирж дээр 4700 орчим ам.доллар байгаа. Энэхүү үзүүлэлт нь огцом биш ч алгуурхнаар өсөхөөр байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөс харахад суурь металлын үнэ ирэх хоёр жилд өсөх хандлагатай байна. Алтны үнэ ч өсөх таамаг бий. Ингэснээр татвараас олох орлого энэ жилтэй харьцуулхаад сайжирна гэж бодож байна.

-Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулж байгаа. Уг хөтөлбөрийн өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?

Эдийн засаг болон хөгжлийн бодлого талаас нь дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ойрын, дунд болон хэтийн хөгжлийн бодлого хоорондоо хэрхэн уялдаж буйд дүн шинжилгээ хийж байгаа гэсэн үг. Сүүлийн жилүүдэд эдийн засгийг солонгоруулах талаар багагүй ярилаа.

Энэ хүрээнд жижиг, дунд болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг эх орондоо бүрэн боловсруулах зэрэг асуудлыг хөндөж байна. Ганцхан жишээ татахад, аялал жуулчлалын салбараас төсөөлснөөс бага орлого авсан. Энэ жил олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулсан нь аялал жуулчлалын компаниуд өмнөх жилүүд шиг ажиллах боломжгүйд хүрсэн байх.

Харин ирэх жилүүдэд аялал жуулчлал болон үйлчилгээний салбарууд илүү сайн ажиллах төлөвтэй. Магадгүй “Чингис”, “Самурай” бондоос санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ирэх онд жигдрэх байх.

-Монгол Улсын эдийн засаг 2018 оноос сэргэх төлөв- тэй хэмээн эдийн засагчид үзэж буй. Учир нь өнөөгийн эдийн засгийн хямралыг богино хугацааны хэмээн тодорхойлсон. Тиймээс эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарахын тулд Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой вэ?

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталлаа. Тиймээс нэн тэргүүнд Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөх ёстой. Товчхондоо, Монгол

Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой болгож, олон нийтэд зарлах хэрэгтэй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай улсыг эдийн засгийн болон татварын тогтвортой бодлоготой байхыг хүсэж байна.

Уг тогтвортой байдлыг Засгийн газрын зүгээс харилцааны стратегитэй байдлаар харуулах нь маш чухал. Саяхан алтны роялти татварыг нэмэгдүүлэх талаар яриа гарахад уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын санааг багагүй зовоолоо.

Мөн Засгийн газраас томоохон төсөл хөтөлбөрүүд дээр баримтлах байр сууриа аль болох хурдан тодорхой болгох ёстой. Миний бодож байгаагаар

2017  оны эхэнд байр сууриа тодорхой болгоод олон нийтэд ил тодоор зарлах хэрэгтэй.2018 оныг хүлээх нь дэндүү их хугацаа алдсан хэрэг; болно.

УИХ, Засгийн газар шинээр байгуулагдсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалт өсөх байх гэсэн эерэг хүлээлтийг ашиглах нь чухал. Эерэг хүлээлт урт хугацаанд тогтмол байдаггүй, хормын төдийд л итгэл алдарч болно.