2016.09.02

Д.Тэрбишдагва: 100 тэрбум ам.доллараас Монгол Улс яаж хүртэх вэ?

Парисын хэлэлцээрт нэгдсэнээр манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээж байна. Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 0,05 хувийг гаргадаг. Энэ нь жилдээ 26 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж байна гэсэн үг. Салбараар авч үзвэл, эрчим хүч, тээврийн салбараас 64 хувь, 29 хувь нь ХАА салбараас, 6,2 хувь нь аж үйлдвэрээс, 0,7 хувь нь хог хаягдлаас ялгарч байна гэсэн судалгааг Монголын эрдэмтэд гаргасан.

Тиймээс дээр дурдсан зорилтоо биелүүлэхийн тулд эрчим хүчний үр ашгийг 5,3 хувиар, цахилгаан дамжуулах, түгээх үеийн алдагдлыг 5,9 хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нийт чадалд эзлэх хувийг 30 хувьд хүргэх, барилгын дулаан алдагдлыг 40 хувь бууруулна, шинээр баригдах дулааны цахилгаан станцуудад өндөр технологи ашиглана гэж заажээ.

Мөн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, замын түгжрэлийг 30-40 хувиар бууруулах, хуучин автомашины импортыг хязгаарлах татварын бодлого хэрэгжүүлэх, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэмжээг 13 хувьд хүргэх, цементийн үйлдвэрт дэвшилтэт хуурай технологи ашиглах, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг 5 хувиар нэмэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх гэсэн зорилтуудыг тавьсан байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

“Өнгөрсөн жил энэ хэлэлцээрийг батлахад улс орны төрийн тэргүүн, байгаль орчны сайдууд оролцсон дэлхийн хэмжээний томоохон уулзалт болсон. Байгаль орчинд тулгамдсан асуудлыг иж бүрнээр шийдэх чухал хэлэлцээр учраас хуулийн төслийг дэмжиж, яаралтай батлах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ Киотогийн хэлэлцээрийг ярьсаар байгаад Монгол Улс эндээс хувь хүртэж чадаагүй. Уг нь байгаль орчноо нөхөн сэргээх, хамгаалах ажилд ихээхэн ахиц гарахаар байлаа.” гээд хоёр асуулт асуусан юм.

...Хүлэмжийн хийг бууруулах ажилд дэлхийн улс орнуудын цуглуулсан 100 тэрбум ам.доллараас Монгол Улс хүртэх ямар боломж байна? 2030 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэсэн тооцоог ямар үндэслэлээр, яаж гаргасан бэ гэсэн асуултад хууль санаачлагч хариуллаа...

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаа, тооцоог танилцуулсан.

Тэрээр “Хэлэлцээрт дэлхийн 180 орон нэгдсэнээс одоогоор 23 улс нь соёрхон батлаад байна. Тэр дундаа АНУ, Хятад нь хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулж байгаа учраас хариуцлагаа хүлээж, гэрээнд оруулах санхүүжилтийн хэмжээгээ маш өндөр тогтоосон. Энэ нь манай улсад томоохон давуу тал болж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй өртөмтгий гэсэн дүгнэлт гаргасаар байна. Тиймээс дээр дурдсан санхүүжилтад хамрагдахын тулд Парисын хэлэлцээрээ соёрхон баталж байж, дараа дараагийн үе шатны ажлууд хийнэ.

Бид бусад улс орнуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, Шар шороон шуургыг намжаах асуудлаар БНХАУ-тай төсөл хөтөлбөр эхлүүлсэн. Талууд санамж бичигт газрын үсэг зурч, энэ хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно.” гэсэн юм.