Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив
2016.09.02

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/хэлэлцэж баталлаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан.

Парисын хэлэлцээрийн гол зорилго нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлахад бүх улс орон хүчин чармайлт гаргахыг уриалахад чиглэгджээ.

Энэхүү агаарын дундаж температурын өсөлтийг бууруулах урт хугацааны зорилтод хүрэхийн тулд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмхий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэхийг уриалсан байна.

Конвенцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий болон хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна.

...НҮБ-ын уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ...

Мөн одоогийн байдлаар дээрх санд нийт 10 тэрбум ам.доллар төвлөрөөд байгаа бөгөөд холбогдох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг 2016 оноос эхлэн хүлээн авч эхлээд байгаа юм байна.

Иймд газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү баримт бичигт алдалгүй нэгдэн орж санхүүгийн болон санхүүгийн болон технологийн дэмжлэг, туслалцаа авах шаардлагатай байгаа тул энэхүү хуулийн төслийг өргөн барьжээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Энэ хэлэлцээр бол чухал хэлэлцээр. Өмнө нь байсан хэлэлцээр тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Харин одоо батлах гэж байгаа Парисын хэлэлцээрийг бүх гүрэн хэлэлцсэн гэдгийг онцлон тэмдэглэж байгаа учраас би дэмжиж байгаа юм. 2030 он гэхэд хүлэмжийн хийг 15 хувиар бууруулна гэлээ. Яг ямар аргаар яаж бууруулах вэ? Хоёрдугаарт, Дэлхий нийт хүлэмжийн хийн эсрэг цуглуулсан 100 тэрбум ам.доллараас Монгол Улс хэрхэн хүртэх вэ?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Оюунхорол:

-Парисын хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн орсноор хүлэмжийн хийг 14 хувь бууруулна гэдэг үүрэг хүлээнэ. Хүлэмжийн хий ялгаруулж байгаа хэмжээгээр Монгол Улс 0,25 хувийг эзэлдэг. Үүний 64 хувь эрчим хүчний салбараас гарч байгаа юм. Энэ хуулийн төсөл бол бодитой үндэслэлтэй, нэлээд сайн боловсруулагдсан. Харин тэрхүү санхүүжилтээс хүртэхийн тулд Парисын хэлэлцээрт яаралтай нэгдэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

-Энэ жил дэлхийд хамгийн их халсан орноор Монгол Улс тодорсон. Ард түмний 1/3 нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байна. Ирэх 20 жилд уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байгаа юм. Улаанбаатар хот ундны усны хангамжийн нөөцийг эдэлж талдаа орсон. Цаг үеэ олсон олон улсын гэрээнд нэгдэн орж байгааг дэмжиж байна.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын сурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийг баталлаа.