“Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах үйлчилгээг сайжруулах” төслийн талаар танилцуулав
2016.08.29

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах үйлчилгээг сайжруулах” төслийн талаар танилцуулав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.29/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсад Суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаагаа дуулгав. Мөн тэрээр ирэх жилүүдэд хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцохын зэрэгцээ хэрэгжүүлэхээр зэхэж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.

Тэрээр эхлээд Архангай, Хөвсгөл, Дорнод, Дархан, Ховд зэрэг зургаан аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах үйлчилгээг сайжруулах” төслийн талаар танилцуулав. Хоёр хэсгээс бүрдэх уг төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, ажил орлоготой болгоход чиглэгдэх аж.

Мөн хөдөө орон нутагт боловсролын салбарын урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хамтран ажиллах болсондоо баяртай байна гээд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж байна. Азийн хөгжлийн банк, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо олон жил хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй болсон” хэмээгээд боловсрол, эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг шинэчилсэн томоохон хуулиудыг Улсын Их Хурлаас батлан гаргасан гэдгийг онцлон тэмдэглэв.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд эрүүл мэнд болоод  боловсролын салбар нь аливаа улс орны тэргүүлэх салбарууд хэмээн онцлон тэмдэглээд цаашдын төлөвлөгөөндөө энэ талаар тусгаж, анхаарч ажиллахаа мэдэгдлээ