Нийслэлийн засаг дарга БНСУ-ын сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа
2016.08.22

Нийслэлийн засаг дарга БНСУ-ын сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жунг Кю Сонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Заяабат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Kwon Taehoon, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Kim Dong Hoon болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол, Солонгос улсын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоод олон жилийг үдэж байна.

Төр засаг төдийгүй иргэдийн харилцаа өргөжин хөгжиж байгаад талархалтай байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын сэтгүүлчид харилцан айлчлал хийж, иргэдэд улсынхаа түүх соёл, зан заншлыг таниулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаад таатай байна. 

Улаанбаатар, Сөүл, Пусан, Намьянжү хотуудтай найрсаг хамтын ажиллагаатай. Улаанбаатар, Сөүл хоттой өдөр бүр, Пусан хоттой долоо хоногт хоёр удаа нислэгтэй байдаг” гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар хотод байдаг Сөүлийн гудамж жуулчдын сонирхлыг их татдаг гэдгийг дурьдаад, цаашид хамтран тус гудамжийг тохижуулж, илүү гоё болгох болно гэдгээ илэрхийлэв.

Харин БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жунг Кю Сон “ Юуны өмнө хүлээн авч уулзаж байгаа таатай байна.

Монгол, Солонгосын сэтгүүлчдийн холбоо дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна.

Магадгүй 10 жилийн дараа гэхэд хоёр тал илүү дотно харилцаатай болж, улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Таныг Намьянжү хотод зочлохыг урьж байна” гэлээ