Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарахыг зөвлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Туен Нгеуен тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд ажлаа дүгнэж, ирэх 25 жилийн хамтын ажиллагааны стратегийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын саналыг сонсч тусгахаа ноён Жеймс Андерсон хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Монгол Улсын эдийн засаг олон тулгууртай байх ёстой. Энэ хүрээнд бид хамгийн түрүүнд бүх салбарт боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Ингэж байж эдийн засгаа солонгоруулна. Мөн уул уурхайн салбарын хэт хамаарлыг багасгана.
Гэвч өнөөдрийн байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр байгаль орчинд болон нийгмийн чиглэлийн үнэлгээ нь эерэг гарсан, эдийн засгийн хувьд үр ашигтай нь ТЭЗҮ-гээр батлагдсан томоохон бэлэн төслүүд алга. Иймд боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн үнэлгээ хийх, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад Дэлхийн банктай хамтарч ажиллах сонирхолтой байна гэлээ.
Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар юуны өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
Харин Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгеуен, бид Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлийг давахад танай улсын хувийн салбарыг дэмжих замаар туслахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв