БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд улаанбаатар хотод нэгдсэн эмнэлэг барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Г.Өлзийбаяр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын зөвлөх Ян Чиндун, Эдийн засгийн зөвлөх Сун Вэйрэн болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Уулзалтаар хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Юуны өмнө тантай уулзаж байгаадаа баяртай байна.
Монгол, Хятад улсын олон жилийн найрамдалт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад таатай байна. Улаанбаатар , Бээжин, Хөх хоттой маш сайхан харилцаатай байдаг. Энэ оны 08 дугаар сард Улаанбаатар хотод болсон Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд Хятад улсын есөн хотын өндөр албан тушаалтнууд ирж оролцсонд маш талархалтай байна.
Хоёр тал хамтран олон төслүүд хэрэгжүүлж байна, үүнийг цаашид үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах болно. Нийслэлд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байдаг учир сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барихад анхаарал хандуулж, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр, Туул гол, Баянзүрх, Сонсголонгийн төмөрбетон гүүрийг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон.
Үүнээс Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр барих ажил эхлээд явж байна.
Мөн Манай улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Улаанбаатар хотод айлчлах үеэрээ гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсонг Та мэдэж байгаа байх. Эдгээр ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ажиллах болно.
Түүнчлэн БНХАУ-ын Элчин Сайдын яамнаас Улаанбаатар хотод нэгдсэн эмнэлэг барина” гэлээ.
Мөн тэрээр Хятадын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж, Улаанбаатар хотод олон сургууль барихаар төлөвлөж байгаа гэдгээ илэрхийллээ