УИХ-ын гишүүн Х.Тэмүүлэн Канадын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2016.08.18/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Канадын парламентын гишүүн Брэд Трост цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, удахгүй хуралдах Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын ирэх дөрвөн жилд улс орны нийгэм, эдийн засгийг сайжруулах мөрийн хөтөлбөрийг батлахаар бэлтгэж байгааг танилцуулсан юм.
Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хоёр улс олон жил өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаатай явж ирснийг тэмдэглээд тус улстай уул уурхайгаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үр ашигтай үйлдвэрлэлийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжтойг уулзалтын үеэр онцолж, санал солилцсон.
Канадын парламентын гишүүн Брэд Трост эрхэм гишүүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Манай хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Цаашид зөвхөн уул уурхайн салбарт бус хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь зүйтэй. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой” гэв.
Түүнчлэн хоёр улсын бизнесийн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахыг хүсэв