М.Оюунчимэг: Хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засгийн цаашдын хандлагад эерэг хүлээлттэй байна
УИX- ын гишүүн М.Оюунчимэгтэй эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн нөхцөл байдлаа олон улсад зарласан нь эргээд сөргөөр нөлөөллөө гэх юм. Ер нь ингэж аливаа улс эдийн засгийн уналтаа дэлхийд зарлахын сайн бөгөөд саар тал нь юу байдаг бол?
-Эдийн засгаар улс төржиж болохгүй гэсэн хатуу байр суурийг би баримталдаг.
Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Засгийн газар үнэнийг мэдээлсэн нь манай улсад сөргөөр нөлөөлнө гэж харахгүй байна. Харин ч оройтож дуугарлаа.
Тэгээд ч Ерөнхий сайд дэлхий дахинд зарлалаа гэж мэдэгдээгүй, дотооддоо, ард иргэддээ мэдээлэл өгсөн. Үүнийг дэлхий дахинд цацсан мэтээр Засгийн газрын ажлыг гуйвуулж болохгүй гэж бодож байна.
Аливаа бизнесийн хамтын ажиллагаа итгэлцэл дээр тогтдог. Итгэлцэл өөрөө үнэнийг шаарддаг.
Энэ үүднээс авч үзвэл Ерөнхий сайдын эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэнийг мэдээлснийг харин ч гадаад зах зээлд итгэл төрүүлэх нэг гарц болгон хувиргаж болно. Энэ мэтчилэн зөвхөн сайн, муугаа мэдэгдээд зогсохгүй цаашид авах дараагийн арга хэмжээг цаг алдалгүй зарлах хэрэгтэй.
Манай урд хөрш Хятад улс 1980-аад оны эхэн хүртэл ямар ядуу байлаа.
Хүн ард нь олон саяараа өлсгөлөнд нэрвэгдэн үрэгдэж байсныг өөрсдөө ч мэдэж байсан, гадаад ертөнц ч харж байсан.
Энэ үед Хятад улсын удирдлагууд бодит байдлаа нуугаагүй дээрээс нь чөлөөт эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэдгээ тов тодорхой зарлаж, гадаад ертөнцөд үүдээ нээсэн.
Тэдэнд итгэл төрүүлсэн, гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд энэ үеэс Хятад руу цувсан байдаг. Үр дүнд нь асар богино хугацаанд Хятад улс эдийн засгийн хүндрэлээс гарч хөгжлийн зам руу орсон бэлэн жишээ хажууханд байна.
-Тэгэхээр эдийн засгийн байдлаа зарласан нь зөв алхам болсон гэж үзэж байна уу?
-Мэдээж улс орныхоо талаар ярих, ярихгүй юм гэж бий. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын тухайд бол нуугаад байх юм алга.
Ерөнхий сайд хэлсэн хэлээгүй бүгд л байдлыг хараад мэдэж байгаа.
Тэр тусмаа манай улстай олон жил хамтарч ажиллаж ирсэн олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад түншүүд мэдэж байгаа.
Жишээ нь, Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийг 2016 онд 0.1 хувьтай байна, төгрөгийн ханшийг уян хатан байлгах, уналтыг сааруулах арга хэмжээ авахыг жилийн өмнөөс л анхааруулж, хэлээд байсан шүү дээ.
Манай эрх барьж байсан дарга нар “Чөтгөрийн муу амаллаа” гээд тоогоогүй. Хэт өөдрөг бодит бус тоон дээр үндэслэж төсөвт тодотгол хийсэн.
Тухайн үед нь засуулах гээд Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд хичнээн хэлээд ч чадаагүй, олонх хүчээр баталсан.
Ингээд эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувь гэж тооцож төсөвт тодотгол хийсэн. Гэтэл одоо нэг хувийн өсөлт хүрэхтэй үгүйтэй, дээрээс нь төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг хүрчихсэн байна.
Угтаа бол эдийн засаг эдийн засгаараа л байх учиртай. Гэтэл ингэж дэндүү улс төртэй хутгасан. Үнэндээ сонгуулийн өмнөхөн угтуулж интереац хийсний хор уршиг өнөөдөр Монгол, төгрөгийн ханш хшчтэй унаж, долларын ханш өсөхөд нөлөөлснийг хэн хүнгүй харж, мэдэрч байна.
Түүнээс биш валютын нөөц барагдаагүй, эдийн засагт эргэлдэх төгрөгийн хэмжээ хасах заагаагүй байсан бол ам.доллар ингэтлээ өсөхгүй байх боломж байсан.
Одоо шүүмжлээд суух биш, маш яаралтай ханшийн уналтыг сааруулах арга хэмжээг Монголбанк арилжааны банкуудтай нийлээд авах хэрэгтэй юм.
Ерөнхий сайд 12-18 сарын дотор макро эдийн засгаа тогтворжуулж, төсвөө эрүүлжүүлэхээр төлөвлөн ажлаа эхэлж буйгаа мөн гадна дотны хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого барихаа мэдэгдсэн болохоор найдлага тавьж байна.
Эдийн засгаа хямралаас гаргах ажилд улс төрийн намууд саад тушаа бололгүйгээр УИХ, Засгийн газар, Монголбанк бүгд хамтраад ажиллах нь одоо чухал юм.
-Та эдийн засгийн чиглэлээр түлхүү ажилладаг. Олон улсад манай орны эдийн засгийн байдлын талаар чухам юу гэж бичиж, нийтэлж байна вэ?
-Яг үнэндээ манай эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбон тэгтлээ олон улсад анхаарлыг нь татаад, шуугиад байгаа юм алга байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсонги, төгрөгийн ханш нь эрс унасан, зээлжих зэрэглэл буурсан энэ нөхцөл байдал гадаад зах зээлийг цочроох шинэ мэдээлэл биш болсон.
Ганцхан жишээ хэлэхэд, Оюутолгойн гадаад хөрөнгө оруулагч “Ivanhoe Mines” компанийн охин компани “Turquoise” компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр наймдугаар сарын 2-9- ний хооронд буурсан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын наймдугаар сарын 10-нд хийсэн мэдээллээс болсон гэж хэлэхэд хэцүү.
Ер нь сүүлийн хоёр жил эдийн засгийн таагүй байдлын талаар гадаад зах зээлд хангалттай мэдээлэл цацагдсан шүү дээ.
Мэдээж улсын эдийн засаг, бизнестэй холбоотой улс төрчдийн амнаас гарч буй үг маш хариуцлагатай байх ёстой гэдэгтэй санал нэг байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хаацайлаад байгаа юм биш, зүгээр л бодит байдлыг хэллээ.
-Хөрөнгө оруулагчид манай улс руу дахин эргэж харах боломж юу байна вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засагт өөрчлөлт, ахиц гарах уу?
-Эдийн засгийн эрх чөлөөтэй хувийн өмчийг хууль эрх зүйн хувьд баталгаатай хамгаалсан, бодлого нь тогтвортой улс оронд гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирж олон улсын зах зээлтэй шууд холбодог.
Бид хамгийн түрүүнд алдагдсан итгэлийг сэргээх ёстой. Ингэхийн тулд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад бодит байдлаа ойлгуулах харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлөө тодорхой болгох, Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам гэх мэт мега төслүүдийг урагшлуулах алхмуудыг цаг алдалгүй эхлүүлнэ гэдгээ Засгийн газар зарлах хэрэгтэй.
Мэдээж хөрөнгө оруулалт татсанаар эдийн засагт цусны эргэлт бий болно, тэлэлт үүснэ шүү дээ.
Сарын өмнө буюу 2016 оны долдугаар сарын 19- нд www.world economics.огg байгууллага манай улсын бизнес, эдийн засгийн цаашдын хандлага, үзүүлэлтэд хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг зарласан байна билээ.
Энэ нь хөрөнгө оруулагчид сүүлийн нэг сард манай улсын эдийн засаг, бизнесийн салбарт эерэг хүлээлттэй, хөрөнгө оруулах сонирхолтой байсныг харуулсан гэсэн үг.
Монголд бизнес эрхлэхэд ямархуу хүлээлттэй байгааг тухайн хөрөнгө оруулагчдаас асууж, хүлээлтийг нь гаргадаг энэ үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа манай улсад хөрөнгө оруулагчдын нааштай хандлага ажиглагдаж байна. Үүнийг бид алдахгүй байх хэрэгтэй юм.
Түүнчлэн хөрөнгө оруулалтыг татсанаар төгрөгийн ханшийн уналтыг сааруулах боломж бүрдэнэ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх нь төгрөгийн ханшийг дунд болоод урт хугацаанд чангаруулах нөлөөтэй байдгийг 2008-2012 онд авч хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлого харуулсан.
Энэ Засгийн газар ч гадны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдыг татаж ажиллана гэдгээ мэдэгдсэн шүү дээ.
Ерөнхий сайд гадны хөрөнгө оруулагчдыг татах, Монголд оруулж ирэх үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл байгуулсан гэж мэдээлж байсан.
-Таны харж байгаагаар Монгол Улс эдийн засгаа сэргээж тогтворжуулахын тулд ямар алхмыг эн тэргүүнд хийх хэрэгтэй вэ?
-Одоо эн тэргүүнд эдийн засагт өндөр өсөлт байна гэж тооцоолсон алдаатай төсвөө тодотгол хийх замаар засах ёстой.
Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо оруулаад ирвэл ирэх долоо хоногоос ээлжит бус чуулган зарлаж УИХ хуралдах болов уу гэж харж байна.
Тодотголоор эдийн засгийн хүндрэлийг дотооддоо даван туулах бүхий л боломжийг бид хайна.
Гэхдээ иргэдийнхээ цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг хасах арга зам урьтал болголгүй, татварын бодлогоор зохицуулалт хийх, тансаг хэрэглээг танах гэх мэт боломжуудыг Засгийн газар оруулж ирнэ гэж найдаж байна.
Тухайлбал, зарим эдийн засагчдын ярьж байгаагаар малын хөлийн татварыг тодорхой хугацаанд авах хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна.
Мөн төсвийн мөнгөөр туйлж ирсэн төрийн өмчит компаниудын асуудлыг ч ойрын хугацаанд авч үзэх хэрэгтэй.
Засгийн газар ээлжит хуралдаанаараа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагуудын цалинг бууруулах шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрээс сард 30 сая хүртэл төгрөгийн цалин авдаг төрийн өмчит компанийн удирдлага байдаг нь харагдлаа. Тэр хүний цалинг 60 хувь буурууллаа гэхэд 12 сая төгрөг сардаа авна. Ийм өндөр цалин, хангамж урамшууллыг хасч болно шүү дээ.
Түүнчлэн, уул уурхайн салбарыг хөдөлгөөнд оруулах нь бас том дэм болно. Тэгээд мэдээж Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан “21:100” хөтөлбөрөө хэрэгжүүлж, ажлын байр олноор бий болгох үйлдвэрүүдээ барьж ашиглалтад оруулах ёстой.
-Монгол ардын нам эдийн засгаа яаралтай сэргээж босгох гэхээсээ илүүтэй өмнөх намын юуг буруу хийснийг ярьж, шүүмжилсэн байр сууринаас хандаад байна. Монгол ардын нам Ардчилсан намын хийж байсан бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болов уу гэсэн асуулт их байна?
-Эдийн засгаа яаралтай сэргээхийн тулд хаана, юу нь өвчилснийг үнэн зөвөөр оношлоод, түүндээ тааруулж эрчимт эмчилгээ хийснээр үр дүн гарна. Тоо худлаа байж болохгүй гэж түрүүн хэлсэн.
Эдийн засгийн нөхцөл байдлыг үнэнээр мэдээлсний төлөө өмнөх намыг шүүмжиллээ гэж эмзэглэж болохгүй шүү дээ. Угаасаа л улс орон, ард түмний амьдрал бодит байдлыг нотлоод байхад.
Мэдээж төрийн залгамж чанар гэж бий. Монгол ардын нам өмнөх эрх барьж байсан Ардчилсан намын Засгийн газрын алдааг нь засч залруулж, сайныг нь үргэлжлүүлэн хийнэ.
Ярилцсан Д.ГАНСАРУУЛ