Ч.Мэргэн: Хувийн хэвшлийн саналыг төрийн  бодлогод тусгах нь чухал
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
2016.08.18

Ч.Мэргэн: Хувийн хэвшлийн саналыг төрийн бодлогод тусгах нь чухал

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй ярилцлаа.Тэрбээр Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд төрийн бодлогодоо бизнес эрхлэгчдийн саналыг тусгах нь чухал болохыг онцлов.

-Цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхэлье. Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулж, зардал танахаа мэдэгдлээ. Үүнийг Монголын бизнесийн зөвлөл хэрхэн хүлээн авч байна байна вэ?

-Зарчмын хувьд дэмжиж байна. Төсвийн зарлага орлогоо соо хоёр дахин давах эрсдэл тулгараад байгаа. Энэ үед зардал танахаас өөр сонголт бараг үгүй.

Хэдийгээр энэ нь амаргүй ч, зайлшгүй шаардлагатай арга хэмжээ. Харин хэрхэн хэрэгжүүлэх нь Засгийн газрын шийдэх хэрэг.

Ер нь зөвхөн бизнес эрхлэгчид төдийгүй иргэдэд хүндээр тусаж буй нэг асуудал бий.

Энэ бол ханшийн уналт. Бизнес эрхлэгчид эдийн засгийн хүндрэлийн үед тав, арван хувийн ашиг олохоор чармайж байна.

Гэтэл нөгөө талд, санхүүгийн өртөг өндөр хэвээр. Дотоодоос зээл буюу санхүүжилт татахад 20 хувийн хүүтэй.

Хилийн чанадаас гадаад валютаар зээл авахад багадаа найм, есөн хувийн хүү төлнө. Гэтэл монгол төгрөгийн ханш унасан энэ үед валютаар тооцоо хийх нь алдагдал хүлээхэд хүргэж байна.

Бүх зардал, тэр бүү хэл ажлын байраа танаж, хүндрэлийг даван туулахаар хичээж буй компаниудад ханшийн уналт маш хүчтэй дарамт болж байна.

Маш олон компани дампуурлын ирмэгт байна. Иймд ханшийн уналтыг зогсоож, нэн даруй тогтворжуулахыг хүсэж байна. Үүний тулд хилийн чанадаас зээл, своп, хөрөнгө оруулалт, хэлцэл байгуулах зэрэг ямар нэг аргаар валютын урсгалыг татах нь чухал.

-Монголын бизнесийн зөвлөлөөс бодлого тодорхойлогчдод хандсан тодорхой санал гаргасан. Энэ баримт бичгийн үндсэн агуулга нь юу вэ?

-Засгийн газар Эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулаад эхэлсэн.

Энэ хөтөлбөртөө Монгол Улсын ДНБ- ий 80 орчим хувийг бүрдүүлдэг, эдийн засгийг нуруундаа үүрдэг хувийн хэвшлийн санал бодлыг тусгахыг хүсэж байна.

Бид бодлого тодорхойлогчидтой хамтран ажиллахад бэлэн байна.

Монголын бизнесийн зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21- нд анхдугаар чуулганаа хийсэн.

Энэ үеэр хэлэлцсэн гол асуудлыг багтаасан, 200 гаруй бизнес эрхлэгчийн саналыг тусгасан 40 гаруй хуудас товхимол гаргаад байна. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт хүргүүлж байна.

Гол нь бизнес эрхлэгчид юу хүсэж буйг илэрхийлж, бодлого тодорхойлогчдод хүргэх зорилготой. Аль нэг салбар эсвэл компанийг онцлолгүй, ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн санаа бодлыг тусгасан.

Баримт бичиг маань гурван хэсэгтэй.

Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэх тогтвортой орчин хүсэж байна. Бизнесийн орчин дахь аливаа өөрчлөлт бүрийг даган хувийн хэвшлийнхэн хөдөлж, тэр шинэчлэлд анхаарал хандуулах хэрэгтэй болдог.

Орчин, хууль, дүрэм нь ойлгомжтой, тогтвортой байвал бизнес эрхлэгчид баялаг бүтээхдээ анхаарал хандуулан ажиллаж, улмаар хөгжих, өргөжих боломж бүрдэнэ. Хууль, дүрэм журмын олон өөрчлөлт нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг.

Хоёрдугаар хэсэгт, хүний нөөц, чадавхаа сайжруулах саналыг тусгасан байна. Монгол Улсад жил бүр 30-40 мянган иргэн дотоодын их, дээд сургуулийг төгсдөг.

Хэрэв энэ залуус дэлхийн түвшний мэдлэг боловсрол эзэмшиж, аль ч оронд ажиллах чадвартай болбол манай улсын хөгжлийн түвшин, ямар шатанд хүрэх бол.

Иймд хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч алс ирээдүйгээ бодон, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд боловсон хүчний мэдлэг, ур чадварыг орхиж болохгүй. Цаашид илүү анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

-Өөр ямар асуудлыг хөндсөн вэ?

-Гуравдугаарт, бид бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тодорхой саналууд тусгасан.

Үүнд, бизнесийн ёс зүй, хөрөнгө оруулагчдыг хамгаалах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлж, тэтгэврийн сан, Монголын хөрөнгийн биржийг хувьчлах, санхүүгийн зах зээлийг чөлөөлөх зэрэг саналуудыг тусгасан байгаа.

-Монгол Улсад хямд өртөгтэй санхүүжилт татах ямар боломж байна вэ?

-Мэдээж Засгийн газар хамгийн тааламжтай санхүүжилтийг хайх байх. Учир нь нэн даруй хилийн чанадаас валют татаж, ханшаа тогтворжуулах хэрэгтэй байна.

Үүний тулд бүх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй. Монгол Улсын татсан санхүүжилтүүдийг аваад үзвэл, хамгийн тааламжтай нөхцөлтэйд Япон улсаас олгосон Самурай бонд болон олон улсын байгууллагуудын зээлүүд багтдаг.

Иймд энэ төрлийн санхүүжилт татах болов уу. Үүнээс гадна томоохон төслүүдээ урагшлуулж, төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах замаар хөрөнгө оруулалт татах боломжтой.

-Инновацийг дэмжих талаар бодлого тодорхойлогчдод хүргүүлж буй баримт бичигт тусгасан байсан. Энэ тухайд?

-Аливаа улсын хөгжлийн гарц нь боловсрол, чадавх, инноваци гэдгийг өндөр хөгжилтэй орнууд баталж байна. Иймд инновацийг хөгжүүлэх төв байгуулах нь зүйтэй.

Энэ хүрээнд өнөөгийн системийг шинэчлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, инновацийг хөгжүүлэх санхүүжилт татахын тулд банкуудад хандах бус тусгай сан байгуулах нь зүйтэй.

Банкуудын хувьд эрсдэлгүй, илүү хөлөө ёстой.

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүдэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Монгол Улс дэлхийн 200 гаруй улс оронтой хөрөнгө оруулагчдыг татахаар өрсөлдөж байна.

Хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин, илүү боломж амлаж байж, мөн амласнаасаа буцахгүй, биелүүлдэг гэдгээ тууштай харуулж байж амжилтанд хүрэх болов уу.

Чили улсынх шиг амжилттай жишгийг дагаж инновацийн сан байгуулж, төрийн бодлогоор дэмжсэнээр их хэмжээний орлоготой томоохон салбаруудыг үүсгэж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай баримт бичгээс үзэх боломжтой.

Мөн түүнчлэн хөрөнгө оруулагчдыг татахыг хүсвэл тэднийг сонсох нь зүйтэй. Хэдийнэ итгээд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдыг хамгаалах нь чухал байгаа.

Хөрөнгө оруулалт татах бас нэг арга нь төрийн өмчит компаниудыг хувьчлах болон менежментийг нь мэргэжлийн түвшинд хүргэн, шинэчлэх.

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах шаардлагатай. Тэдний алдагдал улсын төсөвт томоохон дарамт болж байгаа. Иймд өмч хувьчлалыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.

Мөн мэргэжлийн менежменттэй болох нь зүйтэй. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компани мэргэжлийн түвшний менежменттэй, Сингапурын “Теmasek” компанийн загвараар ажиллахаар зорьж байгаа. Үүнийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

-Үүнээс гадна орхиж болохгүй, төр, засгийн зүгээс анхаарал хандуулах учиртай ямар салбар байна вэ?

-Япон улс жуулчдын тоогоо 2020 он гэхэд хоёр дахин өсгөх зорилго тавиад байна.

Нэг талаас харвал бид дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэг болох Япон улстай аялал жуулчлалын салбарт өрсөлдөж байна.

Хэрэв бид энэ урсгалыг ашиглаж чадвал энэ бол бас нэгэн том боломж болно.

Геополитикийн эрсдэл, террорист халдлагын улмаас зарим орныг зорих жуулчдын тоо буурч эхэллээ.

Цуврал халдлагуудын улмаас, жилд 85 сая жуулчин хүлээн авдаг Францыг зорих жуулчдын тоо багасаж байна. Мөн 50 орчим сая жуулчин хүлээн авч, 40 орчим тэрбум ам.долларын орлого олдог Туркийг зорих жуулчдын урсгал татарчээ.

Тэгвэл энэ жуулчид хаачих вэ. Тэднийг Монголд авчрах боломж бий. Эдгээр жуулчин манайд валют авчирна. Иймд илүү ухаалаг ажиллаж, аялал жуулчлалын урсгалыг өөртөө татахаар хичээх хэрэгтэй.

Үүний тулд юун түрүүнд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Нислэгийн тоог нэмж, үнэ өртгийг бууруулахын тулд нислэгийн зах зээлийг чөлөөлөх нь зүйтэй.

Миний дуулснаар “Тurkish Airlines”-ийн Монголыг чиглэх нислэгт сардаа 500 хүн тээвэрлэх хязгаартай байдаг гэж Туркээс Монгол Улсад суугаа Элчин сайд хэлж байсан.

Суудлын тоог яагаад нэмж болохгүй гэж. Мөн цуцлагдсан “Air Astana” компаний шууд нислэг байна. Яагаад учраа ололцож болсонгүй вэ?

Энэ мэт тээврийн хориг, саадыг арилгаж, боломжийг олж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Үүнээс гадна экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байгаа.

Сүүлийн үеийн мэдээллээр БНХАУ-д дундаж орлоготой 230 гаруй сая айл өрх байна гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, урд хөршийн дундаж орлоготой өрхийн тоо АНУ- ынхыг даваад байна.

Үүнээс үзэхэд бид ямар хэмжээний зах зээлтэй хил залган оршиж буй нь харагдана. Мөн хойд хөрш маань дэлхийн томоохон гүрний нэг.

Бас Монгол Улс Азийн хоёр дахь том зах зээлтэй эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгууллаа.

Европ руу хөнгөлөлттэй нөхцөлөөр экспорт хийх боломж байсаар байгаа. Иймд Монгол Улс чанартай, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайтар хөгжүүлж чадвал бидэнд боломж байна.

Мөн хувийн хэвшлийнхэн бизнесийн модель загвараа эргэн харж байна. Зарим компани хэдийнэ шинэчлээд эхэллээ.

Өнөөгийн хүнд цаг үед бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвар, өөрийн онцлогоо сайтар судалж, давуу талуудаа улам сайтар ашиглах хэрэгтэй болов уу.

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад манай бизнесийн орчин хөгжиж, өрсөлдөөн ширүүсэж, мэргэжлийн түвшний менежмент шаардагддаг болсон байна.

-Эцэст нь, Монголын бизнесийн зөвлөлийн дараагийн уулзалт хэзээ болох вэ?

-Манай дараагийн уулзалт наймдугаар сарын 31-нд болно. “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл ба санал, зөвлөмж” сэдвээр уулзалт хийхээр төлөвлөж байна.

Монголын бизнесийн зөвлөл 2007 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Бид сар бүр уулзалт зохион байгуулдаг.

Энэ уулзалтад манай гишүүн бус хүмүүс ч урьдчилан бүртгүүлээд оролцох боломжтой. 

Монголын бизнесийн зөвлөл найман ажлын хэсэгтэй. Бизнесийн ёс зүй, татвар зэрэг эдгээр ажлын хэсэгт 360 гаруй бизнесийн эксперт, манлайлагчид багтдаг.

Эцэст нь хэлэхэд, Монголын бизнесийн зөвлөл бодлого тодорхойлогчидтой хамтран ажиллахад бэлэн байгааг дахин дуулгая

Ярилцсан.: Г.Байгал