Су.Батболд ажлаа хүлээж авлаа
Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл нь дарга нарын хүнд суртал байдаг.
Тиймээс дарга нараас хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжиж, иргэддээ үйлчилдэг байх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг гурван газар байгуулсан.
НИТХ-ын анхдугаар хуралдаанаас нийслэлийн Засаг даргад Су.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан билээ. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 6-нд захирамж гаргаж, Су.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна.
Үүнтэй холбогдуулж Су.Батболд нийслэлийн Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэх даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс өчигдөр тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулсан юм. Мөн Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн өнөөгийн байдлын мэдээ болон өнөө жил нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх ажлууцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Дарга нарын эрх мэдэл, үзэгний үзүүрт байсан төрийн үйлчилгээг бид нэг цэгт төвлөрүүлсэн нь нийслэлийн иргэдийн хамгийн их талархал хүлээсэн ажил болсон.
Тиймээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг цаашид үргалжлүүлж улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаарай" гэв. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүсээд, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Харин нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээн авсан Су.Батболд, “Төрийн алба бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Та бидний өмнө Үндэсий их баяр наадам. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах гэх мэт томоохон ажлууд хүлээж байна. Тиймээс төрийн албыг нэг хором ч тасалдуулахгүйгээр цааш үргэлжлүүлэн явуулахыг та бүхнээс хүсэж байна. Монгол төрийн өлмий бат оршиж, Нийслэл Улаанбаатар хот маань улам цэцэглэн хөгжих болтугай” гэлээ.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, хотын пгинэ удирдлагад нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл нь дарга нарын хүнд суртал байдаг. Тиймээс дарга нараас хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжиж, иргэддээ үйлчилдэг байх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг гурван газар байгуулсан.
Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг ямар ч дарга нарын гар харалгүй, төвөггүй, бэрхшээлгүй супермаркетаас бараа авч байгаатай адил авах боломжтой болсныг албаныхан онцолж байгаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс Засгийн газрын зарим яам, агентлагын 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж буй билээ.