2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сан ипотекийн зээлийн  санхүүжилтийн эх үүсвэрийг хариуцна
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2016.03.11

2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хариуцна

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өчигдөр "Сайдын цаг" уулзалтад оролцон ипотекийн зээлийн хүүг тав хувь болгон бууруулсантай холбогдуулан мэдээлэл өглөө.

Ипотекийн зээлийн хөлбөрийн үр дүнд бий болсон үнэт цаасаар баталгаажсан мөнгөн хуримтлалыг төрөөс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд эргэлтэд оруулж, зээлийн хүүг буулгах ажлыг эхлүүлж байгаа юм байна. Төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх 10 гаруй их наяд төгрөгийн төлбөр байгаа юм байна. Уг төлбөрийн 30 орчим хувь буюу гурван их наяд төгрөгийг өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн даатгалын санд шилжүүлжээ. Ингэснээр 20 гаруй жилийн туршид бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын санд албан ёсоор мөнгө байршаад байгаа аж. Энэ мөнгөн хуримтлалыг ипотекийн зээлийн хүүг бууруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан.

2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хариуцах үүрэгтэй байх юм. Энэ сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүд зарцуулагдана гэж байлаа.

-Ипотекийн зээлийн хүүг таван хувь руу оруулсан нь эдийн засагт улам эрсдэл авчирна гэж зарим эдийн засагчид үзэж байгаа юм билээ...

-Өмнөх онуудтай харьцуулахад инфляци хоёр хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байгаа. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломжтой. Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед найман хувийг таван хувь руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа л даа. Эхний ээлжинд алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийгээд “Хэрэгжих бүрэн боломжтой" гэж үзсэн тул хамтарсан шийдвэр гаргасан. Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурчйхаад ирлээ.

-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгуудыг хэзээ таван хувь руу шилжүүлэх юм бэ?

-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюу толгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд дэх орон сууц таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна. Оны төгсгөл гэхэд 100 гаруй мянган айл орон сууцанд орсон байна гэж тооцож байгаа.

-Оюу толгойн хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх юм?

-Дөрөвдүгээр сард эхний ээлжийн хөрөнгө оруулалтууд нь хийгдэх байх.