Онцгой байдлын алба холбооны 29 мэргэжилтнээр бүл нэмлээ
Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны “Холбооны бага мэргэжилтэн” бэлтгэх мэргэжлийн сургалт амжилттай явагдаж дууслаа.
45 хоног үргэлжилсэн тус сургалтад нийт 29 сонсогч элсэн суралцан төгсч хийн гэрчилгээгээ гардав.
Төгсөлтийн арга хэмжээнд урилгаар Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Д.Эрдэнэбат, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Д.Мөнхбат нар оролцов.
“Холбооны бага мэргэжилтэн” бэлтгэх тус сургалтад хамрагдсан сонсогчид “Мэдээ мэдээлэл хүлээн авах”, “Холбоо зохион байгуулах үндэс”, “Теле хяналтын систем, бичлэгийн төхөөрөмжийн ашиглалт”, “Холбооны бэлтгэл”-ийн чиглэлээр мэргэшиж, “Албан хэрэг хөтлөлт”, “Мэдээлэл зүй”, “Онцгой байдлын албаны хууль тогтоомж, дүрэм журмууд”, “Онцгой байдлын алба хаах үндэслэл журам, “Гал түймрээс урьдчилан сэргийлэх, “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Байр зүй”, “Цэргийн хэргийн мэдлэг”-ийн хичээлүүдийг үзлээ.
Түүнчлэн үйлдвэрлэлийн дадлагыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Дэд төв, Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 29, 34, 35, 63 дугаар ангиудад биечлэн хийжээ.
Ийнхүү Онцгой байдлын алба 29 холбооны бага мэргэжилтнээр бүл нэмлээ.