Мэндчилгээ
2016.06.20

Мэндчилгээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд байнга хамтран ажилладаг гамшгаас хамгаалах улсын албад болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тусалж дэмждэг улс орон, олон улсын байгууллага, энэ байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч, нийт албан хаагчид, хамтран зүтгэгч Та бүхэнд Монгол Улсад Онцгой байдпын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!

2003 оны 06 дугаар сарын 20 буюу энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байлаа.

Бидний туулж өнгөрүүлсэн түүхийн энэхүү хугацаанд Онцгой байдлын алба ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн, дотны, итгэлтэй алба болон хөгжиж Монголын ард түмэн өөрсдийн амьдралаа Онцгой байдлын албагүйгээр төсөөлөхгүй болжээ.

Дэлхий дээр тохиолдож байгаа байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан болон бусад төрлийн гамшиг, ослын 60-70 хувь нь Ази номхон далайн бүс нутагт тохиолдож байна. Тэр дундаа гамшгийн улмаас гэмтэж, бэртсэн, амь насаа алдсан хүмүүсийн тоо дэлхийн бусад тивтэй харьцуулахад Ази тивд өндөр байна.

Монгол Улсад ч өнгөрсөн 10 жилийн хугацаанд 33 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, осол тохиолдож, гамшгийн улмаас 2300 орчим хүн амь эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

Онцгой байдлын албаны албан хаагчид маань сүүлийн 10 жилд гэхэд нийт 13000 гаруй иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 190 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулан улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Аврагчдын маань мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх боломж, чадавхи жилээс жилд өсөн нэмэгдэж, гадаад харилцаагаа өргөжүүлэн олон улс, хүмүүнлэгийн болон хамтрагч байгууллагуудын хандив, зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар албаны техник, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулж гамшигтай тэмцэх чадавхиа эрс дээшлүүлээд байна.

Төрийн батлан хамгаалах бодлогын бичиг баримт батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын алба нь цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орсноор албан хаагчдын цол хэргэм, цалин тэтгэмж, хангамж, нийгмийн баталгааг хангах эрхзүйн үндэс тавигдлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах хууль эрхзүйн иж бүрэн шинэчлэлүүдийг салбартаа хэрэгжүүлэн ажиллаж 2015 онд “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө", “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулаад байна.

Мөн 2016 онд “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг батлуулсан нь гамшгийн эрсдэлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурынхны оролцоог хангах бодлогын суурь баримт бичиг болсон юм.

Та бүхэнд Онцгой байдпын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны ойн өдрийн мэндийг дахин дэвшүүлж, Онцгой байдпын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон хувиасаа, эрүүл энх, аз жаргал, ажпын их амжилтыг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

Онцгой Байдлын Ерөнхий Газрын Дарга Бригадын генерал Т.Бадрал