Шинэ ангийг төв замын дагууд байгуулна
2016.05.31

Шинэ ангийг төв замын дагууд байгуулна

ОБЕГ-ын даргын дараагийн ажилласан орон нутаг Өвөрхангай аймаг байлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ангийн барилгад 1960 аад оноос хойш их засвар хийгдээгүй, албан хаагчид өөрсдийн бололцоогоор засч өдийг хүрчээ.

Мөн цэвэр, бохир усны холболт байхгүй, уурын зуухаар халаадаг, жилдээ 48 сая төгрөгийг нүүрсэнд зарцуулдаг, дээврээс нуралт үүссэн зэрэг мэдээллийг ангийн захирагч, онцгой байдлын ахмад Ч.Ренчинбямба ОБЕГ-ын даргад өглөө.

Мөн аврах ажиллагааны гүний усны завь, аврагчдын хувцас хэрэгсэл дутмаг байгааг дуулгасан.

 

ОБЕГ-ын дарга, бригадын  генерал Т.Бадрал, гал түймэр унтраах, аврах 51  дүгээр ангийн шинэ барилга барих төсвийг ирэх оны төсөвт суулгана гэдгээ албан хаагчдад дуулгав. Харин ангийн шинэ барилга барих газрыг хүн амд ойр байхаар төв замын дагууд сонгох үүргийг өгч, ойрын хугацаанд шийдэж танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Хархорин сумын удирдлагатай уулзан, шинэ анги байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсээд, ангийн хуучин газарт албан хаагчдын орон сууц барих саналтай байгаагаа хэлсэн.

Мөн гүний усны аврах ажиллагааны завь, аврагчдын хувцас хэрэгслийн хангалтад анхаарч, шийдэхээ илэрхийлээд, харин албаны шуурхай удирдлагын автомашиныг орон нутгийн хөрөнгөөр шийдүүлэх үүргийг Аймгийн Онцгой байдлын газрын даргад өгсөн юм.

Аймгийн Засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт улсын нөөцийн өвсний сараалж байгуулах 100 сая төгрөгийн санхүүжилт тусгагдсан хэдий ч өдийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм байна. Энэ асуудлыг аймгийн удирдлагатай уулзан ойрын хугацаанд шийдвэрлүүлж танилцуулахыг үүрэг болголоо.

Онцгой байдлын байгууллага ирэх долдугаар сарын нэгнээс шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлнэ. Энэ бүтцээр улсын нөөцийн салбарыг Онцгой байдлын газарт нэгтгэж байгаатай холбогдуулан өвс тэжээлийн агуулахыг Хархорин сумын төв дээр байгуулах чиглэлийг өглөө.