Саарал ордонд салхи оруулж живхийг нь хатаах цаг болсон
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй 2016 оны УИХ-ын сонгууль болон улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Та улс төрийн намуудын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар юу хэлэх вэ?
Сонгууль их сонин байдлаар эхэлж байна. Сонгуульд оролцоно гэдэг улс төрийн намууд өөрийн үзэл бодлыг мөрийн хөтөлбөр хэлбэрээр ард түмэнд танилцуулж, тэрхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах мэдлэг чадвартай, үзэл бодолтой хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой. Өмнө нь ийм байсан. Гэтэл энэ удаагийн сонгуульд эхэлж хүмүүсээ нэр дэвшүүлчихээд, дараа нь мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Тэгэхээр нэр дэвшигч юун төлөө явж байгаагаа мэдэхгүй, сонгууль нэг ёсондоо хурдан морины уралдаан шиг зүйл болж байна гэсэн үг.
Улс төрийн намуудын хөтөлбөрийг харахад хэд хэдэн асуудал анхаарал татаж байна.
.... Эдүгээ улс орны хэмжээнд бий болоод буй хүндрэл, бэрхшээлийг шийдэх арга замыг гол улс төрийн хүчнүүд олж чадсангүй...
Олигархиудын засаглал, баялгийн шударга бус хувиарлалт, төрийн бодлого компаниудын ашиг сонирхолд үйлчилдэг асуудлыг шийдэх арга замыг нэг ч улс төрийн хүчин гаргаж тавьсангүй.
Эдгээр асуудлыг Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж төрийн тогтолцоогоо өөрчлөх замаар, төрийн эрх мэдлийг бодитоор нь ард түмний гарт өгөх байдлаар шийдэх боломжтой.
... Түүнээс гадна эдийн засагт тулгараад буй хүндрэлүүдийг шийдэх тал дээр намын мөрийн хөтөлбөрүүдэд маш өнгөц, хөнгөн тусгасан байна. Нөгөө л 2012 оны сонгуульд орохдоо амлаж байсан металлургийн үйлдвэр, нефтийн үйлдвэр барина гэх мэтийн амлалтууд хэвээр байна ...
Эдийн засагт тулгараад буй хамгийн гол асуудал бол эдийн засгийн идэвх буурч, эдийн засаг маань ужиг хямралд орсон явдал. Энэ нь макро эдийн засгийн бодлогыг буруу явуулсантай холбоотой. Уул уурхай, барилгын салбар гээд л хошуураад байсан. Гэтэл уул уурхайн зах зээл, үр ашиг нь дэлхийн зах зээл дээр буурснаас болж хичнээн бүтээгдэхүүн гаргасан ч орлого нэмэгдэхээ болилоо. Барилгын салбарыг хэт хөөрөгдөөд хамаг мөнгөө газарт хийчихсэн. Бусад салбарууд энэ хоёрт чирэгдэж, эдийн засагт үүссэн хуримтлал боловсруулах үйлдвэрлэл рүү чиглэхээ больж, хөнгөн ашиг олж болох уул уурхай, барилга руу урссан. Үүнийг зохицуулах төрийн бодлого байсангүй.
Бид жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн бүтцээ идэвхжүүлэх талаар олон жил ярьлаа. Бүтсэнгүй.
... Улсын эдийн засгийн шим шүүсийг сорж байгаа энэ банкны систем чинь жижиг, дунд үйлдвэрийг хөл дээр нь босгохгүй байна....
Санхүүгийн энэ гажиг тогтолцоог засах талаар ямар ч бодлого алга. Улс төрийн намууд хэрэгжүүлж чадсангүй.
Өөр нэгэн том асуудал бол өр зээл. Өртэй болсон гэдгээ бүгд хүлээн зөвшөөрсөн ч шийдэх арга замыг санал болгосон нь алга. Энэ их өрийг бид төлж л таарна. Өр төлөхийн тулд эхлээд үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Аж үйлдвэртээ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх ёстой. Энэ алга. Инновацийн бодлогоо тодорхойлоогүй мөртөө ажил эрхлэлтийн орлогыг хоёр дахин нэмнэ гэх мэтийн амлалтууд намуудын мөрийн хөтөлбөрт орсон байна лээ. Энэ чинь цалинг хоёр дахин нэмнэ гэснийг өөрчилж хэлж байгаа л хэрэг.
МАН-ын хөтөлбөрт өр төлөх хугацааг хойшлуулна, яриа хэлэлцээ хийнэ гэж бичсэн байна лээ. Гэхдээ өөрчлөх боломжгүй зээл гэж бий. Жишээ нь бондын мөнгийг бид яагаад ч хойшлуулж чадахгүй.
Дараагийн нэг бэрхшээл бол төсвийн алдагдал. Төсвийн алдагдал энэ оны эхний хагас жил дуусаагүй байхад 800 тэрбум буюу жилийн төсвийн орлогын 10 хувиас давчихлаа.
.... Ийм нөхцөлд төсвийн бодлогоо зөв явуулж, баялгийг тэгш хувиарлахын тулд татварын шаталсан бодлого хэрэгтэй. Улс төрийн хүчнүүдээс аль нь ч үүнийг гаргаж тавьсангүй ....
Түүнчлэн гадаад зах зээлийг түшиглэж яаж хөгжиж болох талаар тодорхой концепци алга. Хоёр хөршийн хооронд торгоны зам дагасан эдийн засгийн коридор байгуулахад яаж оролцож болох талаар маш хангалтгүй тусгагдсан. “Талын зам” төсөл хэрэгжүүлнэ гэх мэт зөвхөн Монгол Улс ганцаараа шийдчих юм шиг зүйлүүд орсон байна лээ.
Улс төрийн намуудын төлөвшилд байгаа нэг гажуудал бол намууд улс орныг уруудуулсан бурууг нэг нэгэндээ тохох гэж оролддог. Буруутай гэвэл бүгд буруутай. Сүүлийн 10-аад жилд Монголд төрийн бодлого биш, нам дагасан олигархын бодлого хэрэгжсэн. 2008-2012 онд гаднаас мөнгө зээлж хүмүүст тарааснаас эдийн засгийн тэнцвэр эвдэгдсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх улс төрийн тэнхээ намуудад байхгүй байгаа нь маш муу.
Миний хүсч буй ганцхан зүйл бол ард түмэн маань авлигатай нэр холбоотой хүмүүсийг сонголгүй шүүгээд үлдээчихээсэй л гэж бодож байна. Ингэж чадвал төр цэвэршиж эхэлнэ.
Энэ сонгуулийн дараа биднийг юу хүлээж байна гэхээр бүх юм хуучнаараа гэсэн хариулт гарч байна.
Нөгөө талаас Сонгуулийн хуулийнхаа зарим асуудлыг шийдээгүй. Энэ нь сонгууль болоход арван хэдхэн хоног үлдээд байхад маргаан дуусаагүй байна гэдэг чинь сонгууль чөлөөтэй явагдах, олон нийт ухамсартай сонголт хийх боломжийг хааж байна гэж хэлж болно.
Миний бодлоор Саарал ордонд салхи оруулж, Их Хурлынхаа живхийг хатаачихмаар байгаа юм. Тэгэхгүй бол төрийн бодлого маань эвгүй үнэртсэн хэвээр байх болно.
Юутай ч сонгогчид сонголтоо хийнэ. Хамгийн гол нь аль нэг нам, хуурамч хөтөлбөр гэхээсээ илүү хүнийг нь харж сонголтоо хийгээсэй гэж бодож байна.
Сонгуулийн хуульд ямар цоорхойнууд байгаа гэж та бодож байна?
Сонгуулийн хууль анхнаасаа өөрчлөлт нь сонин явагдсан. Намын жагсаалтаар сонгогдох заалт байсан ч Үндсэн хуулийн цэц хууль зөрчлөө гэж мэдэгдсэнээр газар нутгийг мажоритар тойргуудад хувааж, намын жагсаалтаар сонгогдоно гэж бодож байсан нөхдүүд тойргууд руу явсан. Гэтэл саяхан Үндсэн хуулийн цэц шийдвэрээ цуцалж өөрийгөө баллуурдсан. Цаана нь Үндсэн хуулиа баллуурдсан эсэх асуудал тодорхойгүй байна.
Энэ удаагийн Сонгуулийн хууль бол хүчтэй, нөлөөтэй улс төрийн хүчнүүд бусдыгаа шахаж байгаа арга, хэлбэр. Хугацаа маш бага, бие даагчдад ямар ч боломж олгоогүй. 10 орчим сумтай нэг тойрогт нэр дэвшиж байгаа хүн 18 хоногт тойргийнхоо бүх сумдаар явж амжихгүй. Харин хууль баталсан хүмүүсийн орон нутаг дахь төлөөлөгчид аль хэдийнэ хэргээ бүтээчихсэн сууж байна.
Энэ сонгуулийн дараа сонгуулийн маргаантай холбоотой олон шүүх хурал болж магадгүй гэж зарим экспертүүд ярьж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
Ийм байдал гарцаагүй үүснэ. Гэхдээ нийгмийг доргиосон том хэмжээний будлиан гарахгүй байх. Сонгуулийн хуулиа эрт баталж, ард түмэндээ таниулсан бол ойлгомжгүй байдал үүсэхгүй байсан.
Монголын ардчилал бол олигархуудыг толгойдоо залж, тэдний захиалгаар хууль баталдаг тогтолцоо бүхий хуурамч ардчилал. Үүнийг би итгэл үнэмшилтэй хэлж байна. Энэ удаагийн сонгууль ч бас ард түмэн төрөө байгуулж, төрөө хянаж, төр нь ард түмэндээ үйлчилдэг ардчиллын суурь зарчмыг алдагдуулж байна.
Таны бодлоор энэ удаа ард түмэн ямар сонголт хийх бол?
Сонгогчдын дунд хүнийг нь харж сонголтоо хийнэ гэсэн хандлага давамгай байх шиг. Гэхдээ намуудын нэр дэвшигчдийг харахад их сонин байна. Ерөнхийлөгчийн зүгээс авилга, оффшор данстай холбогдсон хүмүүсийг битгий нэр дэвшүүл гээд байхад нам нь нэр дэвшүүлж л байдаг. Энэнээс харахад цаана нь сонирхлын хүчтэй урсгал байна.
Миний хүсч буй ганцхан зүйл бол ард түмэн маань эдгээр хүмүүсийг сонголгүй шүүгээд үлдээчихээсэй л гэж бодож байна. Ингэж чадвал төр цэвэршиж эхэлнэ.