Сонгуулиар амлах хориотой зүйлс
2016.06.03

Сонгуулиар амлах хориотой зүйлс

Энэ удаагийн сонгуулиаар улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө бэлэн мөнгө, хувьцаа, баялгийн хувь хишиг амлахыг хориглож байна. Сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө юуг тусгаж болохгүй талаар Сонгуулийн шинэ хуульд нарийвчлан заажээ. 

Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараахь зүйлийг тусгахыг хориглоно. Үүнд:

  • Мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох,
  • Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх,
  • Зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх,
  • Үнэ төлбөргүй, эсвэл хямдралтай үнээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх,
  • Ажлын байранд зуучлах, ажилд оруулах,
  • Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг хоригложээ. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг хориглосон байна.