Ардчилсан намын унасан 5 шалтгаан
2016.07.01

Ардчилсан намын унасан 5 шалтгаан

Асуулт: АН яагаад ялагдав?

УИХ төдийгүй орон нутгийн сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Намын дарга нар ялагдлаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа хүлээхээ мэдэгдэхтэй зэрэгцэн намын зарим гишүүд ялагдалдаа “баярлаж” байгаагаа илэрхийлэв. Ард түмний сонголт хүнд бус намд өгсөн үнэлгээ байлаа.

 АН-ын ялагдлын 5 шалтгааныг тоймлъё

1. Намын дотоод эв нэгдэл, фракцуудын зөрчил: Монголчууд эв нэгдэл, тогтвортой байдал хүсэж байгаагаа сонголтоороо илэрхийлэв. Нам дотроо эв нэгдэлгүй тэднийг зангидан “базах” удирдлагагүй байсан нь хамгийн том сул тал байв. Фракцуудын зөрчил туйлдаа хүрсэн, тэд эрх мэдлийг төлөө бие биенээ албан тушаалаас нь түлхэн унагаасан, араас нь хутгалж, хэрүүл маргаан, үйл олголцлоор дүүрэн 4 жилийг өнгөрөөсөн. Сонгуулийн үеэр сөрөг хүчин гэхээсээ илүү нам доторх фракцууд бие биенийхээ эсрэг компанит ажил зохион байгуулж, сөрөг пи ар хийж байлаа. Мэдээж сөрөг хүчинд энэ нь бэлэн “зууш” болсон.

2. Намын Удирдлагын багийн алдаа: Удирдлагын багийн цөөхөн хэдэн хүний үйлдэл намын нэр хүндийг унагасан. Оффшор данс, хуулийн салбарын шинэчлэл, Дубайн гэрээ гэх мэт асуудлууд хөвөрнө. Энд УИХ-ын дарга, намын даргын ажлыг давхар хашиж байсан З.Энхболдын зан, авирыг дурьдахгүй өнгөрч болохгүй. Түүнээс олон зүйл хамаарсан. Түүнд намыхан төдийгүй, сөрөг нам, олон нийт тааламжгүй ханддаг. Намын хэд хэдэн нөхөд түүнийг эсэргүүцэж бие даан бас өөр намд элсэн санал хуваах зорилгоор сонгуульд өрсөлдсөн нь үүнийг баталдаг.

Намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

3. Эдийн засгийн хямрал, өр зээл: Улс орны эдийн засаг доройтож, иргэдийн амьдрал элгээр нь хэвтсэн. Хэдий тэд өмнө нь байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн ч түүнээс давсан өрийн дарамт ард түмэнд “эмзэг” туссан.

4. Сонгуулийн тогтолцоо:  Жижиг намууд, шинэ хүмүүсийг гарах боломжыг хаах гэж хоёр том намын санал нэгтэй өөрчилсөн можаритар тогтолцоо тэр дундаа жижигсгэсэн тойрог. Цэцэд хүртэл нөлөөлж, сонгуулийн хугацаа тулган байж баталсан энэ хувилбар тэднийг унагасан.

5. Сонгуулийн тактик, пи-арын алдаа: Ардчилсан нам сонгуулийн баг, пи-ар маш муу байсан. Олон нэр дэвшигчид фэйсбүүк, твиттерт байгаа нэр хүндэндээ итгэсэн. Гэтэл сошиал орчинд сонгуулийн хамгийн идэвхгүй хэсгийнхэн зонхилдог. Нөгөө төлөөс сонгуулийн уриа “Сайн хашаа”, “Сайн хувьцаа”, “Сайн малчин”, “японд дадлагажуулагч бэлтгэх” гэх мэт хэт халамжийн шинжтэй, жижиг, сажиг зүйлсээр сонгогчдыг татах гэж оролдсон.  

АН-ын сонгуулийн уриа: Ухрах уу Урагшлах уу

Ялагдлын тухайн Х.Тэмүүжин “Залууст намаа шинэчилж, бодлогоо шинэчил гэсэн даалгавар ирлээ “ Б.Баабар “Ардчилсан нам дэрээмчид луйварчдаасаа саллаа” гэсэн бол М.Батчимэг “АН Монголд ардчиллыг анх авчирч ирсэн шигээ улстөрийн намын шинэчлэлийг бусад намаас түрүүлж хийх боломж гарлаа” хэмээн тэд Ардчилсан намын гишүүд өөрсдөө ч нам шинэчлэгдэх шаардлага байгааг хэлсэн Монголчууд ч мөн Ардчилсан нам шинэчлэгдэх шаардлагатай байгааг сонголтоороо илэрхийллээ.

@Temuujin_Kh 

@Baabarniitlelch

@OdontuyaS

@Asashoryu

@oyunlt

@ts_baatarkhuu