Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа хийхдээ юу анхаарах вэ?
2016.06.07

Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа хийхдээ юу анхаарах вэ?

2016 оны сонгуулиас эхлээд цахим орчинд хийх сонгуулийн сурталчилгааг хуулиар зохицуулахаар болж, ач холбогдлоороо уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, телевиз, радиотой мөр зэрэгцэх боллоо. Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн сурталчилгаанд интернэт орчин хэрхэн ашиглах” гэсэн нэгэн шинэ зүйлийн нэмж батлав.  Интернэт орчинд сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах талаар дараах байдлаар тусгажээ.

84.1 Нэр дэвшигч нам, эвсэл буюу тэдгээрийн сонгуулийн штаб сонгуулийн сурталчилгаанд зориулж сонгуулийн сурталчилгааны цахим хуудас ажиллуулж болно.

84.2 Сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаас өөр бусад цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд тухайн цахим хуудсаар зөвхөн сонгуулийн сурталчилгааны цахим хуудсын хаяг, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр, сонгуулийн уриаг сурталчилна.  

84.3 Сонгуулийн сурталчилгааны материалыг цахим байдлаар цахим шуудангаар сонгогчдод хүргүүлж болно.

84.4 Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр эсвэл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурдана.

84.5 Энэ хуулийн 84.4-т заасан сурталчилгааг явуулахдаа бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно.

84.6 Энэ хуулийн 84.4, 84.5-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, аливаа этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1 920 000 төгрөгөөр торгоно.

84.7 Энэ хуулийн 84.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан аливаа этгээдийг олж тогтоох боломжгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн санал хураалтын хугацаа дуустал хязгаарлана хэмээн заажээ.